Б.Энх-Очир: “Хүмүүн бичиг” сониныг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын улсын тэргүүний “Мэргэд” цогцолбор сургуулийн Б.Энх-Очир багштай 12а ангийнхан МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины идэвхтэй уншигчид юм. Сонин захиалгын тоогоороо үргэлж тэргүүлдэг тус ангийнхан 2015, 2017 онд “Хүмүүн бичиг” сонинд хамт олныхоо танилцуулга, амжилтыг нийтлүүлж байв.
Зөвхөн сонин захиалаад зогсохгүй, “Монголын сайхан бичигтэн” уралдаанд хамт олноороо тасралтгүй таван жил оролцож, ур чадвараа сорьжээ.
Ангийн багш Б.Энх-Очир Монгол хэл, бичгийн багш бөгөөд Баруунбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуульд 5 жил, “Мэргэд” сургуульд 6 дахь жилдээ багшилж байна. “Энэ ангиа 7 дугаар ангиас нь дааж авсан, энэ жил төгсгөнө. Ангийнхаа хүүхэд бүрийг, бусад ангийн сурагчдыг ч монгол бичгээрээ биччихдэг, уншчихдаг болгохын төлөө хичээн ажиллаж байна. Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулж, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжинэ гэдгийг хүүхүүддээ байнга сануулж, монгол бичгээ ягштал сурахыг шаарддаг. Зөвхөн сурагчид гэлтгүй, төрийн албан хаагчид ч монгол бичгээ сурмаар байна. Үүний тулд монгол бичгээр хэвлэгддэг цорын ганц сонин болох “Хүмүүн бичиг” сониныг бүх нийтээр захиалж, унших ёстой ч энэ тал дээр их учир дутагдалтай хандаж байна” хэмээн тэрбээр хэлж байлаа.
Б.Энх-Очир багш “Хүмүүн бичиг” сониныг 2005 оноос хойш тасралтгүй захиалжээ. Түүнд тус сонины сүүлийн таван жилийн бүх дугаар байгаа ба сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, мөн бусдад уншуулж сурталчилдаг гэнэ. Тэрээр сонины редакцид хандаж, эвхмэл бичгийн булан, хүүхдүүд даалгавар хийх булан, олимпиадад бэлдэж байгаа багш, сурагчдад зориулсан барын бичлэгийг хөрвүүлгийн хамт нийтэлдэг байхыг хүслээ.