Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-11 12:01:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2018 оны ээлжит VI хуралдаанаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцнуудыг оршин суугчдын саналыг үндэслэн буулгаж, шинээр барих ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад зөвшөөрсөн.

Мөн тус хуралдаанаар Өлгий сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байгаа 1-36, 11 дүгээр багийн 1-24, 2-36 айлын болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны дэргэдэх 1-15 айлын орон сууцыг буулгах, шинээр барих төслийг хэрэгжүүлэх талбайн хэмжээ, хил заагийг баталсан байна.

Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан захирамж гаргаж, Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай нийтийн зориулалтын 1-24 айлын орон сууцны хэсэг болох 103-12 дугаар айлын орон сууцыг буулгахыг төсөл хэрэгжүүлэгч «Цамбагарав констракшн» компанид зөвшөөрсөн байна.

Төсөл хэрэгжүүлэгч компани нь оршин суугчид болон аймгийн ЗДТГ-тай гурван талт гэрээ хийсэн бөгөөд тухайн газарт 9 давхар орон сууц барина. Харин хуучин орон сууцанд амьдарч байсан иргэдэд гэрээнд заасны дагуу шинээр барьсан орон сууцнаас байр өгөх ажээ. 

Холбоотой мэдээ