Баяннуур, Сагсай суманд усалгаатай тариаланг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-10 12:10:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сан хамтран нийтдээ 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 11 аймгийн 19 суманд хэрэгжиж эхлээд байна.

Төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой.

2020-2026 онд хэрэгжих уг төсөлд Баян-Өлгий аймгийн Баяннуур, Сагсай сум хамрагджээ.

Төслийн нэг, хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэгт Баяннуур сумын 160 га талбай бүхий Цул улаан, Сагсай сумын 400 га талбайтай Улаан дэлийн услалтын системийг шинэчлэх, шинээр барих болон сэргээн засварлана. Гуравдугаар бүрэлдэхүүн хэсэгт төсөлд хамрагдаж буй сумдад хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн бүлгийг байгуулж, тэдгээрийн чадавхыг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах аж.

"Одоогоор төслийн зураг төсөл батлагдсан. Маш сайн явцтай байгаа. Ирэх 4-5 дугаар сард далан сэтлэх ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна" гэсэн мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгөөд байна.

Төсөл хэрэгжих сум бүрт 10-аас доошгүй гишүүнтэй ногоочдын 4 бүлэг байгуулж, тэдгээрийг усны хэмнэлттэй усалгааны тоног төхөөрөмж болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны үрээр хангана. Ингэснээр усалгаатай тариалан эрхлэх нөхцөл бүрдэж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалт өнөөгийн түвшнээс 12 хувиар нэмэгдэх ажээ. 

Холбоотой мэдээ