Мосул хотыг энэ оны эцэс гэхэд чөлөөлнө

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-06-11 16:01:22

МОСУЛ. /NHK/.  Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг засгийн газрын хүчнийхэн “Лалын улс” бүлэглэлээс энэ оны эцэс эсвэл ирэх оны эхний хэдэн сараас хэтрэхүйгээр чөлөөлнө гэж Иракийн цэргийн командлагч хэллээ.

Дэслэгч генерал Нажим Аль-Жабури “NHK” телевизэд ярилцлага өгчээ. Иракийн хойд нутгийн Ниневи мужид явуулж буй цэргийн ажиллагааг тэрбээр удирдаж байгаа юм. Мосул нь Ниневи мужийн хот билээ.

Жабури хэлэхдээ “энэ оны эцэс гэхэд эсвэл ирэх оны эхний хэдэн сарын дотор Ниневи мужаас босогчдыг бүрэн хөөж гаргана” гэжээ.

Тэрбээр цааш ярихдаа “хэрвээ армийнхан Фаллужа хотыг чөлөөлвөл “Лалын улс”-ынхны хүч суларч, Мосул хотыг чөлөөлөхөд түлхэц үзүүлнэ” гэсэн байна.

Хэт давруу үзэлтнүүдийн тус бүлэглэл 2014 оны 6 дугаар сарын 10-нд Мосулыг гартаа оруулсан юм.

Одоогоор Курдын хүчнийхэн болон АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэг үзүүлж буй бусад хүчнийхэн Сирийн хойд нутгийн Ракка хот дахь “Лалын улс”-ын байршлууд руу давшиж байна.

Харин “Лалын улс”-ынхан амиа золиослогчдоор халдлага үйлдүүлэх, химийн зэвсэг ашиглах зэргээр хариу үйлдэл үзүүлж байна. Тэд мөн энгийн номхон иргэдийг “амьд бамбай” болгон ашиглаж байгаа юм.

Холбоотой мэдээ