Швейцарчууд олон нийтийн газар нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглох санаачилгыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-08 11:26:28

ЦЮРИХ. /Reuters/. Олон нийтийн газар нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглох тухай хуулийн төсөл Швейцарын иргэдийн дунд ням гарагт явуулсан бүх нийтийн  санал асуулгаар дэмжигджээ.


Энэхүү хоригийг 20 кантон, 6 хагас кантоноос 20-ынх нь оршин суугчдын олонх нь дэмжлээ гэж Швейцарын “SRF” телевиз мэдээлэв. Санал асуулгад оролцогчдын 51.21 хувь нь уг санаачилгыг дэмжсэн бол 48.79 хувь нь эсэргүүцсэн байна.


Нийтийн тээвэр, цэнгэлдэх хүрээлэн, зоогийн газар, дэлгүүр зэрэг олон нийтийн газруудад паранжа /нүүрээ халхалсан тор бүхий урт бошинз/, никаб /зөвхөн нүдээ гаргасан, мусульман эмэгтэйчүүдийн толгойн өмсгөл/ өмсөхийг хориглох энэхүү санаачилга нь Швейцарын иргэд төдийгүй гадаадын иргэдэд хамаарах юм.


Харин мөргөлийн газрууд, мөн эрүүл мэндийн шалтгаанаар, аюулгүй байдлын үүднээс болон цаг агаарын байдлын улмаас нүүрээ халхалсан тохиолдолд хамаарахгүй байна.


Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар нийт гурван асуудлыг оруулжээ. Швейцарын иргэд нүүрээ халхлахыг хориглох хуулийн төсөл болон Индонез улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахыг дэмжсэн боловч "digital Identity" буюу интернэт үйлчилгээ авч буй хүнийг таньж, итгэмжлэх аргын тухай хуулийн төслийг дэмжээгүй байна.


Холбоотой мэдээ