Хаалганы ард чимээгүй үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцье

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-03-06 15:14:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо “Хаалга” үйл ажиллагааг өнөөдөр үйлчилгээний төв болон Дархан номин, Олон улсын худалдааны төвүүдийн гадна талбайд нэгэн зэрэг зохион байгууллаа.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос орон даяар өрнүүлсэн “Асуудлыг асууя” санал асуулгад 28500 орчим иргэд саналаа ирүүлж, хүчирхийлэлтэй холбоотой 450 орчим захидал цугларсан аж.

Иргэд хамгийн тулгамдаж байгаа асуудалд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүл салалт зэрэг асуудлыг хамгийн эхэнд дурдсан байна.

Эдгээрээс гэр бүлийн хүчирхийлэл 2020 онд 16 хувиар өссөн төдийгүй тухайн онд цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 150-200, жилд 50000 гаруй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн дуудлага ирсэн байна. Тэдний 8 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан тухай ч тэмдэглэгдэн үлджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 87.2 хувь нь эмэгтэйчүүд, 11.0 хувь нь хүүхэд өртөж, хохирдог бөгөөд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй, бусдаас нуудаг гэсэн тоо баримт ч байна.

Иймд Монголын Эмэгтэйчүүдийн холбоо хаалга бүрийн ард чимээгүй үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд гарц, шийдэл эрэлхийлж, хохирогчдын сэтгэл зүй ямар хэцүү байдгийг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд асуудал тээсэн хаалганууд босгож “Хаалга” бүрт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын захиаг хэвлэн байршуулжээ.

“Хаалга” үйл ажиллагааг МЭХ-ны 21 аймгийн салбарууд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Бид хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хохирогчийн амь, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах зорилготой гэж тус холбооны тэргүүн Ц.Ганчимэг онцлов.

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд явагдахын зэрэгцээ, давтагддаг, давтагдах бүрдээ шинж чанарын хувьд улам ноцтой болдог нийгмийн хамгийн ноцтой асуудал болоод байна.

Тиймээс хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гарч байвал та иргэний үүргээ биелүүлж мэргэжлийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч хамтран ажиллаж байхыг энэ үеэр уриалж байлаа.

Холбоотой мэдээ