Сургууль, цэцэрлэгүүдэд худалдан авалт хийхэд бэрхшээлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-05 12:25:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд цэцэрлэг, сургуулиудын сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор анги, танхимын ариутгал халдваргүйжүүлэлт 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас сурагчдын хичээл эхлэх болсонтой холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимыг ариутгах, сурагчдын дотуур байрыг бэлтгэх үүрэг өгсөн.

Тиймээс анги танхимд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хоёр сургууль, МСҮТ-ийн дотуур байрыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсныг хэвийн байдалд нь оруулж, бэлэн байдлыг хангасан байна.

Мөн энэ сарын 5-нд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сайнцагаан сумын найман цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын таван сургуулийн захирал, холбогдох байгууллагууд, хэлтсийн дарга нартай уулзаж хичээлийн бэлтгэл, цаг үеийн асуудлаар ярилцсан аж.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс цар тахлын улмаас барааны үнэ өссөн учраас хүнсний хэрэгцээнд мах нийлүүлэх түнш олоход хүндрэлтэй байгааг онцолжээ.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргилоос тодруулахад “Мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн, мах нийлүүлэх аж ахуйн нэгж ховор байна. Энэ чиглэлээр ажилладаг компани, Орон нутгийн өмчийн газрын удирдлагуудтай уулзсан. Дахин уулзаж ярилцана. Гарц гаргалгаа хайж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ