Зэрлэг биш зүлэг ургуулахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-04 10:26:22

Хэнтий /МОНЦАМЭ/  “Хотын соёл-Цэвэр хот” хөтөлбөртэй холбоотойгоор Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, “Энэ хөтөлбөр бол орчны тохижилтын асуудлыг хөндсөн. Манай аймаг, хот хөгжиж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Бид ногоон байгууламж, өнгө үзэмж, цэвэр цэмцгэр асуудалд анхаарч ажиллахгүй бол болохгүй. Зундаа зүлэг биш зэрлэг ургуулж, ногоон байгууламжийн засалт, өнгө үзэмж туйлын дутагдалтай байна. Аймаг, орон нутаг хөгжиж байгаа ч ногоон байгууламжийн тохижилт, хог хаягдалтай холбоотой асуудлууд хүндрэлтэй байна. Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар орчноосоо эхлэх хэрэгтэй. Манай сургууль, цэцэрлэгүүд эко болж хөгжиж байна. Үүн дээр илүү анхаарч, орчны тохижилтын ландшафтын зураг хийлгээд, жилийн төлөвлөгөөндөө мод бут сөөг тарих ажлаа оруулж, сайхан тохижуулаарай хэмээн хүслээ.

Нэгдүгээрт, хүүхдийн сурч хөгжих аятай тухтай орчин бий болно. Хоёрдугаарт, хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлнө. Тиймээс тэнд сурч хөгжиж байгаа хүүхдүүдийн ухамсарт хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллахыг уриаллаа.

Идсэн чихрийнхээ цаасыг гудамжинд хаядаггүй хүүхдүүдтэй болмоор байна. Уусан ундааны саваа чулуудахгүйгээр хогийн саванд хийдэг болмоор байна. Сургууль, цэцэрлэгт сурч, хүмүүжиж байхад нь хүүхдийн ухамсарт хандлагад өөрчлөлт оруулахгүй бол 23 мянган хүн амтай хотыг 20 ажилтан цэвэрлээд дийлэхгүй байна. Байгууллагуудын орчныг та нар харж байгаа. Талын цагаан цэцэг ургасан юм шиг тамхины иш нь хаа сайгүй тарсан байгаа. Энийг түүж барахгүй байна. Иймээс хот цэмцийхгүй байна, цэвэрхэн болохгүй байна. Сургууль, цэцэрлэгийн ойр орчимд тамхи татдаггүй бол Тамхигүй орчин гэж зарлаад хүүхдийн орчныг өнгө будгаар нь ялгаж, цэцэг ургамлаа тарьж, санаачилгатай, идэвхтэй баймаар байна. Ганцхан байшин дотроо биш гаднахаа тохижуулахыг хүсэж байна.

Нийтийн эзэмшлийн талбайн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгууллагуудад харьяалуулж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгож өгнө. Хот тохижилтын хажууд ногоон байгууламж хариуцсан гурван хүний бүрэлдэхүүнтэй албыг байгуулж байгаа. Тиймээс энэ жилээс бид зэрлэг ургуулахгүй зүлэг ургуулах тал дээр анхаарч ажиллая. Хотод ургаж байгаа модоо тайрч, танаж засдаг болъё. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч нэлээд ажлыг бүгдээрээ хамтын хүчээр хиймээр байна" гэлээ.

 

Холбоотой мэдээ