А.Болормаа: Хичээлийн хоцрогдол арилгах тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-03-04 13:36:09

Увс /МОНЦАМЭ/. Энэ онд Увс аймгийн боловсролын салбарт хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил болоод сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах аргазүйн талаар аймгийн БСУГ-ын дарга А.Болормаатай ярилцлаа.


-Цар тахлын улмаас танхимын сургалт хязгаарлагдсан нь хүүхдийн сурлагад сөргөөр нөлөөллөө. Хичээлийн хоцрогдол арилгах чиглэлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Өнгөрсөн хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явууллаа. Цахим хичээлийн хувьд хүүхэд танхимын сургалтаар олж авдаг мэдлэгийг гүйцэхгүй байгааг эцэг эхчүүд хэлж байгаа. Ямартай ч орон нутагт танхимын сургалт эхэлж буйтай холбоотой нэн түрүүнд сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах асуудал чухлаар тавигдаж байна. Өнөөдрийн байдлаар хоцрогдол арилгах хөтөлбөрийг нарийн боловсруулан гаргасан. Аймгийн хэмжээнд 1, 2-р ангийн хүүхдүүдийн уншлагын түвшинг цахимаар тогтоолоо. Хүүхдүүд хамгийн багадаа минутад 17 үг, дээд тал нь 40 үг уншиж байгаагаас харахад хичээлийн хоцрогдол ялгаатай түвшинд байна гэж ойлгож байна. Иймд тусгайлсан хөтөлбөр боловсруулан хичээлийн хоцрогдлыг арилгахыг зорьж байна.

-Тухайлбал хоцрогдол арилгах ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ?

-Багш нар нийт 13 судлагдахуунаар мэргэжлийн бүлэг байгуулаад хичээлийг зөвхөн агуулгаар нь нөхөх үү, эсвэл хоцрогдсон чадваруудыг ахиулах уу гэсэн 2 хөтөлбөр дээр ажиллаж байна. Үндсэндээ 3-р сарын 26 хүртэл 4 долоо хоногийн хугацаанд агуулга нөхөх буюу давтлагын хичээлүүд орохоор төлөвлөсөн. Цаашлаад чадварт суурилсан шинэ хичээлүүд орно. Мөн 12-р ангийн хүүхдүүд өглөө танхимаар хичээллэх бол үдээс хойш онлайн сургалтаар хоцрогдол арилгах боломжтой болно. Мөн агуулгаа шахсан чадварт суурилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Боловсрол соёл урлагийн газарт туршлагатай, чадварлаг багш нараар онлайн хичээлийг бэлтгэж, сурагчдад хүргэж байгаа зэрэг дор бүрнээ нягт уялдаа холбоотой, үр өгөөжтэй аргазүйгээр хүүхэд нэг бүрийн сурлагыг ахиулахыг хичээн ажиллаж байна.

-Энэ онд аймгийн боловсролын салбарт хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд гэвэл?

-2021 онд Увс аймгийн БСУГ-аас өргөн хэмжээний ажил хийхээр төлөвлөсөн. Бид бүхэн шинэ бодлого, аргазүй, хууль эрхзүй, технологи, шинэ санаачилгын хүрээнд томоохон зорилтуудыг өмнөө тавьж байна. Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 31 сургууль, 30 цэцэрлэг, соёл урлагийн 22 байгууллага, мөн Насан туршийн боловсрол, Хүүхэд хөгжлийн төвүүдээр дамжуулан 26 мянган хүүхдэд боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Хүний хөгжлийн асуудал улс орны хөгжилтэй салшгүй холбоотой учраас хүний хөгжлийг дэмжсэн таван том ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нэгдүгээрт багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Увс аймгийн багш нарын чадваржих чиглэлийг тодорхойлон оюуны брэнд болох суурь ухагдахуунуудыг түлхүү хөгжүүлнэ. Тухайлбал, багшийн 40 минутын хичээлийг үр дүнтэй, чадварт суурилсан болгох зэрэг олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

-Хүүхэд хөгжлийн чиглэлээр ямар хөтөлбөрүүд хэрэгжих вэ?

-Мэдээж хүүхдийн хөгжлийн асуудал маш чухал. Увс аймагт хүүхэд хөгжлийн төв байгуулсан. Тус төвийн үйл ажиллагаатай уялдуулан хүүхэд хөгжлийн чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүр өөрийн гэсэн зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, сурах арга барил эзэмшсэн, өөртөө  итгэлтэй болох гэсэн дүр төрхийг тодорхойлон, тулгамдсан асуудлуудыг гаргасан. Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд хамгийн түрүүнд “Тэмүүлэл” зусланг байгуулан 6 ээлжээр хүүхдүүдийг хамруулан хөгжил, төлөвшилд анхаарах юм. Мөн “Хөдөлмөр” зусланг цар хүрээтэй ажиллуулах, хүүхэд өөрөө оролцож байж хөгждөг зарчмаар “Нэг сургууль-10 клуб” гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна Хүн болох багаасаа 1, 2-р хөтөлбөр нь цэцэрлэгийн насны хүүхдүүд ямар чадвар эзэмших, эдгээр чадварууд нь сургуульд ороод яаж хөгжих тухай нарийн тусгаж өгсөн. Цар тахлын үед бага насны хүүхдүүдийн дунд “Бяцхан даамчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Багш нар шагай хийгээд даам тоглох үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үргэлжлээд хүүхэд сургуульд ороод шагайтай холбоотой өв уламжлал зэргийг нь уялдуулан судлах гээд төлөвлөсөн олон ажил бий.

Ойрын үед цахим сургалтын аргазүйг дэвшилттэй нэвтрүүлж эхэлсэн. Цар тахлын нөлөөг дагаад боловсролын үйлчилгээ цахимжих шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймээс аймгийн 17 ахлах сургуулийн 12-р ангийн сурагчдад онлайнаар хичээл хийх боломжийг бүрдүүлж эхэлсэн. Одоогоор энэ ажил 60 хувьтай явж байна. Цаашид БСУГ-ын цахим сургалтын төвд хүүхдийн хөгжил, багш нарын аргазүйг дэмжсэн, цахим аргазүйг тэлсэн туршлагуудыг түгээн дэлгэрүүлсэн, цахимд суурилсан бүхий л ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлнэ.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ