Ц.Гомбосүрэн: Монгол Улс НҮБ-д элссэн нь үнэхээр чухал үйл явдал байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2021-03-03 10:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-д Монгол Улс гишүүнээр элссэн 60 жилийн түүхт ой энэ жил тохиож байна.


Их Чингис хааны 8 зууны тэртээ байгуулсан Их Монгол Улсын гал голомт болж Ази тивийн цээжинд оршиж ирсэн Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахин албан ёсоор хүлээн зөвшөөрч, НҮБ-ын гишүүн, Бүрэн Эрхт Тусгаар улсаар тунхагласан энэхүү түүхэн үйл явдлын талаар нийтлэл толилуулж байна.


Тэртээ 60 жилийн өмнө 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр АНУ дахь НҮБ-ын Хурлын танхимын индэрээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн царгисан баргил хоолойгоор дэлхий дахинд зарлан тунхагласан хүн бол Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, проффессор, дипломатч, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Дондогийн Цэвэгмид агсан билээ.



Хожим нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн: Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. Харин ЗХУ-аас 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм. Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Уг гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд албан ёсны гэдэг нь тодорхой биш байлаа. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан хэмээн дүгнэж хэлсэн юм.


Түүхийн баримтыг сөхвөл, 1961 оны энэхүү хуралдаанд оролцохоор Монголын Улсаас Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгчид алсын АНУ-ыг зорьсон юм.



НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Ийнхүү Монгол Улсын болон дээр дурдсан улс төрч, дипломатуудын уйгагүй хичээл зүтгэл үр дүнд хүрч өнөөгийн туурга тусгаар бүрэн эрхт улсыг тунхагласан түүхтэй.



Монгол Улс 15 жилийн турш уйгагүй санал хүргүүлсний дүнд НҮБ-ын 101 дэх Бүрэн эрхт гишүүн улс болсон энэ түүхэн үйл явдлыг өнөөгийн Монгол Улсын иргэн бүр дурсан санаж байх ёстой.


Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болсон. Иймд Монгол Улс дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцоход НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон юм. 


Үүнийг монголчууд соргогоор мэдэрч НҮБ-д гишүүнээр элсэх зорилт тавьсан боловч тухайн үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас уг хүсэл, зорилт биелэгдэхгүй ийнхүү 15 жил дуншсан байдаг.


Манай улс анх 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 1947,1948,1949, 1952, 1955, 1956, 1957 онуудад өргөдлөө дахин дахин дэвшүүлж байжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийтдээ 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байдаг.


Ташрамд, мартах аргагүй нэгэн гэгээн түүхийг дурсахад, Далайн чанад дахь их гүрэн Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд одоогоос 60 жилийн тэртээ буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон Ерөнхий Ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын алтан соёмбот далбаа мандаж Бүрэн Эрхт Тусгаар улс гэдгээ тунхаглан зарлахад чуулганы ажиглагчийн суудлаас Ази төрхтэй нэгэн эр нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан билээ.


Нэгэн жарны өмнөх түүхэн энэ үйл явдлыг хөндлөнгөөс харсан хүн бол Дилов хутагтын Монгол газар төрсөн 5 дахь хойд дүрээр 5 настайдаа тодорч, Монгол туургатан даяар нэрээ мөнхөлсөн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Башлуугийн Жамсранжав байсан юм.



Монголч эрдэмтэн Хангины Гомбожав: “Богдын Засгийн газарт Дилов хутагт хамгийн өндөр цол хэргэмтэй лам байсны хувьд өөрийн цаг үеийн ээдрээтэй ажил хэрэгт татагдан орсон. Тэрбээр ахмад үеэр зогсохгүй залуу үеийнхний итгэл хүндлэлийг хүлээж чаддаг хүн байсан юм” гэж онцолсон байдаг.


Дондогийн Цэвэгмидийн хүү Монгол Улсын Төрийн шагналт уран барималч Ц.Амгалан: “Дилов хутагт нулимс унагаж суусан юм гэнэ лээ. Аав харин уулзсан тухайгаа ердөө ярьж байгаагүй. Бодвол үзэл суртлын хүнд хэцүү үед ярьж болдоггүй зүйл байсан юм болов уу” гэж дурссан байдаг.



Дилов хутагт Жамсранжав их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд харь газар очоод тухайн үеийн Өвөр монголын Хун тайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Түвдийн Далай лам зэрэг хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Улмаар 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын Их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилснаар Америк дахь монголчуудын шарын шашны  анхны дуганы тэргүүн болж, үйлс бүтээл нь дэлхий дахинд танигдсан гэгээнтэн билээ. 


Дилов хутагт 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн Үндэстний Байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж бодоогүй нь лавтай. Тэрбээр эх орондоо эргэж ирэхийн хүсэл их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн шуурганд өртөж, Хутагтын эх оронч-тагнуулч гэдгийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.


Дилов хутагт эх орноосоо алсад 30-аад жил амьдрахдаа унасан газар, угаасан ус, төрөлх монголоо марталгүй, сэтгэлийн үзүүрт ямагт эрхэмлэн дээдэлж, монгол ухаан, төгс эрдмээрээ очсон газар орны зон олны талархал, хүндлэлийг хүлээсэн юм. Түүний эх орноо гэсэн энгүй их сэтгэл, эзэмшсэн хосгүй эрдэм чадлыг өнөөгийн монгол хүн бүр бахархан дурсах учиртай. Тэрбээр, Тусгаар улс болсон эх орондоо ирж амжилгүй, 1965 оны 4 дүгээр сарын 7-нд 83 насны сүүдэр дээрээ Нью-Йорк дахь өргөөндөө таалал төгссөн билээ.


Нэгэн жарны өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ний өдөр орчин үеийн Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлсэн гэж түүхч, судлаачид дүгнэдэг. Монгол Улс ийнхүү НҮБ хэмээх олон улсын хамтын нийгэмлэгт албан ёсоор элсэн орсон нь өөрийн дуу хоолойгоо дэлхийн улс орнуудад хүргэж, “цөлөгдмөл” байдлаас гарах түүхэн боломж нээгдсэн юм.



Монгол Улс тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар, өөрийн Тусгаар Тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй том үйл явдал болсон юм. Монгол Улс, НҮБ-д элссэнээр тус байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн.



Анх 1946 онд 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлсэн бөгөөд НҮБ-ын 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр дэлхийн улс түмэнд дэмжлэг үзүүлж, хамтран  ажиллаж байгаа юм.


НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоосон олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болжээ. Мөн эдгээр 192 улс оронтой 1318 гэрээ, хэлэлцээр тогтоосон. Манай улс өнгөрсөн он жилүүдэд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна.


Өнгөрсөн 60 жилийн хугацаанд НҮБ болон түүний системийн байгууллагуудаас Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлснээр үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болсоор байгаа юм. Эдүгээ НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн манай оронд суурин төлөөлөгчийн газартай ажиллаж байгаа юм.


НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, тусгаар улсын хувьд тус байгууллагаас тусламж дэмжлэг авах эрх нээлттэй байж 1963 оноос эхэлж НҮБ-аас олон сая ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн туслалцаа аваад байна.


Мөн энэ хугацаанд НҮБ, түүний системийн удирдах байгууллагад Монгол Улс сонгогдон үүрэг гүйцэтгэсэн юм. Тодруулбал, НҮБ-ын бүтцийн үндсэн 6 байгууллагаас Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр 2 удаа /1973-1976, 2010-2012/, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа /2016-2018/ сонгогдон ажилласан юм. Мөн Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг 1992 онд зарласан билээ.

НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг НҮБ-аас онцлон сайшааж байгаа юм.


Монгол Улс 2002 онд анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хоёр зэвсэггүй цэргийн ажиглагчаа Баруун Сахар дахь нийтийн санал асуулга  зохион байгуулах НҮБ-ын Ажлын хэсэгт илгээсэн түүхтэй. Улмаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хоёр ажилтан нэмж илгээж байжээ.  Энэ цагаас хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. 



Тухайлбал, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байна. Түүнчлэн 2006 оноос хойш 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна.


Өнөөгийн “Ковид-19 цар тахлын энэ хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа 2020 оны 10 дугаар сард илгээсэн.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цар тахлын үеийг “Энэ бол бидний нэгдэх, аливааг өөрчилж сайжруулах, илүү тэгш шудрага, уян хатан улс нийгмийг цогцлоох цаг гэж онцлоод НҮБ-ыг энэ зарчмаараа удирдаж буйг би маш зөв зүйтэй хандлага хэмээн харж байгаа гэсэн юм.


Ташрамд сонирхуулахад, Тэртээ 1945 оны 10 дугаар сараас байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг өнөөдрийг хүртэл 10 өөр улсын иргэн хашсан байдаг. Тодруулбал, хамгийн анх ИБУИНВУ-ын дипломат Гледвин Жеб /Gladwyn Jebb/ /1900–1996/ 1945 оны 10 дугаар сарын 24-нөөс 1946 оны 2 дугаар 01-нд НҮБ-ыг байгуулах бэлтгэх хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 101 хоног ажиллаж байжээ.


Норвеги улсын иргэн Трюгве Хальвдан Ли /Trygve Lie, 1896–1968/ 1946 оны 2 дугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор сонгогдон, анхны даргаар 6 жил 282 хоног ажилласан юм.


Харин 2 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар Швед улсын иргэн Даг Хаммаршёльд /1905–1961/ 1953 оны 4 дүгээр сараас 1961 оны 9 сарын 18 хүртэл ажилласан бол  Бирм буюу өнөөгийн Мьянмар улсын иргэн У Тан /1909–1974/ 1961-1971 онд энэ хүндтэй албыг хашсан 3 дахь хүн болсон юм.


НҮБ-ын 4 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар Австри Улсын иргэн Курт Вальдхайм /1918–2007/ 1972.01.01-1981.12.31-ний хооронд 9 жил, 364 хоног ажилласан бол Перу улсын иргэн Перес Де Куэльяр /1982.01.01-1991.12.31/ 9 жил 364 хоног энэ албанд ажилласан 5 дахь хүн болж байв.


Арабын Бүгд Найрамдах Египет улсын иргэн Бутрос Бутрос-Гали /1922–2016/ 1992-1996 онд ажилласан НҮБ-ын 6 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Түүний дараа Гана Улсын иргэн Кофи Атта Анан 1997-2006 онд энэхүү хүндтэй албыг хашсан байна.


Харин 8 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар БНСУ-ын иргэн Бан Ги Мүүн /2007.01.01-2016.12/ 10 жил ажилласан юм. Португал улсын иргэн Антониу Маниуэль де Гутерриш /António Guterres/ 2017 оноос НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас хамгийн анх 1977 онд Монгол Улсад айлчилсан дарга бол Курт Вальдхайм юм. Мөн 1987 онд Хавьер Перес Де Куэльяр, 2002 онд Кофи Анан, 2009 онд Бан Ги Мүүн нар манай улсад ирж байсан түүхтэй.   

Холбоотой мэдээ