Эх орончдын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-01 11:04:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ой тохиож байна. Эл өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн юм.


ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан билээ. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрсэн байна.


1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулсан байна билээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.


2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.


2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргав. Үүнийг эсэргүүцсэн тус намын хэсэг нь МАХН-ыг бие даан байгуулсан. 2016 оны хоёрдугаар сарын 25-нд МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх Санамж бичигт гарын үсэг зурсан юм.


Өнөөдөр 11.00 цагт дээрх хоёр намын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.

Холбоотой мэдээ