“Цахим Дархан” төсөл боловсруулж хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-27 14:20:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн удирдлагын бодлогын хүрээнд цахим технологид суурилсан төрийн үйлчилгээг нэмэгдүүлж, шуурхай хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд “Цахим Дархан” төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.

Мөн төрийн цахим үйлчилгээг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж “Нэг иргэн-Нэг бүртгэл” төслийг боловсруулж хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны системийн хэрэглэгчийн тоог нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах зэрэг хэдэн хэдэн үйл ажиллагааг төлөвлөжээ.

“Цахим Дархан” төслийг боловсруулж буйтай холбогдуулан Мобиком корпорациас орон нутагт төрийн цахим үйлчилгээний ашиглалтыг сайжруулах, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах саналуудаа аймгийн удирдлагууд, холбогдох албаныханд танилцууллаа.

Энэ үеэр Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат агаарын чанарын хэмжигч, хяналтын камер, ухаалаг гэрэлтүүлэг, ухаалаг нийтийн тээвэр, гамшгаас урьдчилан сэргийлэх удирдлага зэрэг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байв.

Санал солилцох уулзалтаас “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд утасгүй интернэтийн бүс, Зулзагын гол амралтын бүсэд 4G сүлжээг өргөтгөх, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүргэх масс мессеж, дуудлагын төвийн үйлчилгээ зэрэгт технологийн шинэ дэвшилтэт шийдлүүдийг боловсруулж хамтарч ажиллахаар шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээ