Хамтарсан ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 10:05:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хурлаар нийгмийн даатгалын шимтгэлийн тухай санал боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгууллаа.


Ажлын хэсгийн даргаар нь ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр, Нарийн бичгийн даргаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргалыг сонгов.


Ажлын хэсэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашид хэрэгжүүлэх санал боловсруулж, гуравдугаар сарын 5-ны дотор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд тайлагнах юм.


ХНХ-ын сайд А.Ариунзаяа “МҮЭ-ийн холбооноос ирүүлээд байгаа НДШ-ийг нэмсэн шийдвэрийн хүрээнд тавьсан хүсэлтэд үндэслэн, 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гарц байгааг судаллаа. МҮЭХ, МАОЭНХ хамтран зөвшилцөж ажлын хэсэг байгуулж холбогдох шийдвэрийг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ” гэв.


МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн талаар 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасан. Засгийн газар ОУВС-гийн өмнө 7 төрлийн татварыг нэмэх үүрэг хүлээсний дотор тэтгэврийн даатгалын санг бүрдүүлэх НДШ-ийг нэмэх шийдвэр байв. МҮЭХ орны эдийн засаг хүнд үед татвар шимтгэл нэмэх нь цаг үеэ олоогүй шийдвэр гээд, ОУВС-нд дээрх 7 төрлийн татварын дөрвийг нь тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт өгсөн.

НДШ-ийг 2019 онд нэмсан. Цар тахлын улмаас 2020 онд нөхцөл байдал хүндэрсэн учир МҮЭХ, МАОЭНХ-ноос НДШ-ийг нэмсэнд байр сууриа илэрхийлж, хамтын үйл ажиллагаа явуулж, төсвийн хүрээнд НДШ-ийг нэмэх шийдвэрийг хойшлуулсан. Энэ онд нэмэх НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг МҮЭХ, МАОЭНХ-ноос цаг үеийн нөхцөл байдалтай уялдаагүй, нэмэх боломжгүй гэсэн байр суурийг ХНЗ-ийн гурван талт Үндэсний хороонд уламжилж байна. НД-ын багц хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, одоо хэрэгжиж буй хуулийг царцаах хүсэлтэй байна. Энэ бол МҮЭХ-ны аймаг нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбооны 450 мянган гишүүний санал хүсэлт” гэв.


МАОЭНХ-ны Х.Ганбаатар “МҮЭХ-ноос хүргэсэн НДШ-ийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцсэн саналыг МАОЭНХ дэмжиж байна. НДШ-ийг нэмэх шийдвэр хуулиар хэрэгжиж байгаа учир бид асуудлыг шийдэх нь зүйтэй, талууд нэг байр суурьтай” хэмээлээ.


ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Аливаа хуульд царцаах гэсэн томьёолол байхгүй учраас 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дээрх хуулийг хойшлуулъя. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс төсөвт болон орон нутгийн өмчит газрууд НДШ төлөх хууль нь хэрэгжиж байгаа учир төлөөд явах нь зөв. Энэ талаар нөхөж олгох гэдэг агуулгаар биш дараа сар луу шилжүүлэх гэдэг байдлаар хэлэлцүүлгээр шийдэх боломжтой юм” гэв.

Холбоотой мэдээ