Аймгийн онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-26 18:12:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ирэх сарын нэгнээс орон нутагт хичээл сургууль эхлэх, Улаанбаатар хотод хөл хорионд байгаа иргэдээ татан авах зэргээс үүдэн аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал 3 дугаар сарын 1-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдэхтэй холбоотой Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу явах иргэдийг 7 хоногт 1 удаа бүртгэн гаргах ажлыг зохион байгуулах аж. Харин хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх, эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажлаар зорчих иргэдийн хөдөлгөөн болон уул уурхайн ээлж солилцоо хэвийн үргэлжилнэ. Мөн Дархан-Уул аймгийн харьяат иргэд бусад эрүүл бүс рүү түр хугацаагаар зорчино.Ингэхдээ асуумж бөглөн гарах аж. ЕБС, СӨБ-ын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан БСУГ-аас гаргасан судалгааг үндэслэн бусад аймгийн иргэд Дарханд түр зорчих боломжтой. /Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд/

Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилэх бөгөөд тухайн сумынхаа онцгой комиссоос нэвтрэх бичиг авч зорчино. Сэлэнгэ аймгийн сумд руу хүнс тээвэр хэвийн үргэлжилнэ.

Түүнчлэн гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирэхээр хүсэлтээ ирүүлсэн 1099 иргэнийг 48 цагийн PCR шинжилгээний бичигтэй хүлээн авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Харин эрүүл мэндийн шалтгаантай, 16 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрийн албан хаагчдаас бусад Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс түргэвчилсэн шинжилгээг өөрсдийнх нь зардлаар авна. Ирсэн даруйд 7 хоног гэртээ тусгаарлагдаж долоо дахь хоногтоо PCR шинжилгээг үнэ төлбөргүй өгөх ажээ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх сарын нэгнээс караоке баар, диско клуб, кино театр хэвийн горимоор ажиллахаар болсон бол нийтийг хамарсан үйл ажиллагаа, хүүхдийн тоглоомын төв, PC тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг хориглосон хэвээр байна. Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 18 хүртэлх насны хүүхдүүдийг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг аймгийн хэмжээнд хориглосон байсныг цуцаллаа.

Мөн үйлчилгээний байгууллагууд 00.00 цаг хүртэл ажиллах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг цагийг 22.00  байсныг 00.00 болгон өөрчиллөө.

Холбоотой мэдээ