Д.Сумъяабазар: Хүүхдийн сэтгэлзүйг эмчилж, боловсрол, мөрөөдөлтэй болоход нь туслах хэрэгтэй

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 10:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өчигдөр очиж, хүүхдүүдийн амьдарч, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцлаа.


Өнгөрсөн оны 12 дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн талаар нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар хүчирхийлэлд өртсөн хүүг Хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийж, уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлж, төлөвшүүлэхээр ажиллаж байгаа аж.  



Засаг дарга Д.Сумъяабазар тус төвийн удирдлагууд, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан “Энд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай,  хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайхнаар төсөөлж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Эдгээр хүүхдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргаснаар ирээдүйд зөв иргэн болоход нь тусална. Өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан хүүхдийн хүчирхийллийн тухайд төвийн удирдлагаас тайлбар нэхэж, ийм зүйл гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой” гэв. 


Тэрбээр, тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номдоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг захив.


Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших “Манайд янз бүрийн нөхцөл байдалтай орчноос, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд ирдэг. Аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэхэд анхаарч байна” гэлээ. 


Тус цогцолборт одоогоор 74 хүүхэд байгаа бөгөөд нэг ээлжинд 9 багш ажилладаг.

Холбоотой мэдээ