"Даатгалын багц дүрэм"-д өөрчлөлт оруулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-24 15:48:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны ээлжит IY хуралдаан өнөөдөр болж, даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулалтад байршуулах хөрөнгийн дээд хэмжээг 20 хувь болгон нэмэгдүүллээ. Ингэснээр олон талт хөрөнгө оруулалтад байршуулах боломжийг бүрдүүлэхийн сацуу хөрөнгийн зах зээлийг дэмжсэн арга хэмжээ болж буй аж.


СЗХ-ны ээлжит хуралдаанаар нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” чиглэл, арга хэмжээний дагуу даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, даатгагчийн хөрөнгийг олон талт хөрөнгө оруулалтад байршуулж эрсдэлийг тархаах зорилгоор холбогдох журамд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, СЗХ-ны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн хоёрдугаар хавсралт “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”-д заасан компанийн өрийн хэрэгсэлд байршуулах дээд хувь буюу 20 хувийг 30 хувь, Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-ийн хувьцаанд байршуулах дээд хувийг 1 дүгээр ангилалд 20 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. 


Хуралдаанаар мөн “Ти Би Ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Ти Би Инвестмент” хувийн хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, “Би Би Эс Эй” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.  


Мөн нэг ААН-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр, 7 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, нэр бүхий 2 ААН-д үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.  


Холбоотой мэдээ