ЕХ “хиймэл нар” бүтээх төсөлд 5.6 тэрбум евро гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-02-23 16:17:16

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл халуун цөмийн туршилтын реактор барих “International Thermonuclear Experimental Reactor, ITER” олон улсын төсөлд зориулж 5.61 тэрбум евро хуваарилахаар шийдвэрлэснээ мэдэгджээ.


Дээрх шийдвэр ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болох аж. 


Европын Комиссын урьдчилан таамаглаж байгаагаар, 2025 оны 12 дугаар сард плазмын тусламжтай эрчим хүчний үйлдвэрлэлд анхны ололт амжилт гарах бол төсөл 2035 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой байна. Харин халуун цөмийн урвал нь 2050 оноос нааш арилжааны эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэр болж чадахгүй ажээ. Эрдэмтэд энэхүү реакторыг “хиймэл нар” гэж нэрлэж байгаа юм. Нарны эрчим хүч нь устөрөгчийг гели болгон хувиргадаг халуун цөмийн синтезийн урвалын үр дүнд үүсдэг билээ. 


Халуун цөмийн туршилтын реактор барих гэрээг 2006 оны 11 дүгээр сард Европын “Евратом” агентлаг, АНУ, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ болон Энэтхэг улсын оролцоотой байгуулжээ. Төслийг хэрэгжүүлэхэд гол үүргийг “Евратом” агентлаг гүйцэтгэж байна.


Халуун цөмийн судалгааны эцсийн зорилго бол халуун цөмийн синтезийн урвалын үр дүнд дэлхий дээр “одны эрчим хүчийг” бий болгох ажээ.   


Халуун цөмийн синтез нь эрчим хүчний шавхагдашгүй эх үүсвэр юм. Хэдхэн грамм устөрөгчийн түлш нь олон мянган айлыг цахилгаан дулаанаар хангаж чадах бол ердөө ханборгоцой жимсний хэмжээтэй тоосгон хэлбэртэй түлш нь 10 мянган тонн нүүрсийг орлож чадна. Түүнчлэн “уламжлалт” дулааны болон атомын цахилгаан станцуудаас ялгаатай нь аюулгүй, агаар мандлыг хүлэмжийн хийгээр бохирдуулдахгүй, радио идэвхт хорт хаягдал ялгаруулдаггүй байна. 



 


Холбоотой мэдээ