Исланд бол хамгийн амгалан тайван улс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-10 09:16:11

СИДНЕЙ. /NHK/. Ойрхи Дорнод болон Африкт хүчирхийлэл болон мөргөлдөөн газар авснаар өнгөрсөн онд дэлхий дахинд амгалан тайван байдал алдагдсан гэж олон улсын эрдэмтэн судлаачдын байгууллага мэдэгдлээ.

Сиднейд төвтэй Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн /Institute for Economics and Peace/нийтэлсэн тайланд 163 улс, бүс нутгийг хэр амгалан тайван бэ гэдгээр нь жагсаажээ.

Аллага, хүчирхийллийн гэмт хэрэг, хөрш улсуудтайгаа ямар харилцаатай байдаг, цэргийн зардлынх нь ДНБ-нд эзлэх хувь зэрэг 23 шалгуур үзүүлэлтээр жагсаалтыг гаргасан байна.

Жагсаалтыг эхэнд зэвсэгт хүчингүй бөгөөд гэмт хэргийн түвшин хамгийн доогуур байдаг Исланд улс бичигджээ. Тус улс жагсаалтыг зургаан жил дараалан тэргүүлж байгаа нь энэ юм. Хамгийн амгалан тайван улсуудад тооцогдох эхний 10 улсын 7 нь Европ тивд оршдог байна.

Ази тивээс Япон улс өнгөрсөн оныхоос нэг байраар ухран есдүгээрт оржээ.

Харин Сири жагсаалтад сүүл мушгин хамгийн түгшүүртэй улс гэж тооцогдсон бол Өмнөд Судан, Ирак, Афганистан болон Сомали ард нь бичигдсэн байна.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ