“Дархан хот- 60 жил” шилдэг логоны загвар шалгаруулах уралдаан зарлалаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-02-22 14:40:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ой угтсан аливаа үйл ажиллагаа, ном товхимол, сонин сэтгүүл, зурагт хуудас, сурталчилгааны бэлгэ тэмдэг болгон ашиглах зорилгоор шилдэг лого бүтээх уралдааныг нээлттэй зарлалаа.

Уралдаанд зураач, дизайнер, загвар бүтээгч, урчууд, чөлөөт уран бүтээлчид, бүх насны иргэд, ААНБ-д оролцох боломжтой. Нэг хүн хоёроос илүүгүй бүтээл ирүүлж болох бөгөөд дараах шаардлагууд тавигдах ажээ. Үүнд:

-Дархан хотын 60 жилийн ойн утга санаа, цаг хугацаа, бүтээн байгуулалтыг товч, энгийн шууд ойлгогдохоор илэрхийлсэн байх.

-Компьютер ашиглан мэргэжлийн график дизайны программуудын аль нэг дээр хийсэн байх. /А4 цаасан дээр өнгө ялган гараар зурсан байж болно/

-JPEG өргөтгөлөөр хадгалсан нэг файл, логоны загварыг хийж гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр хадгалсан файл байх.

-Логоны утга санааг А4 цаасны нэг хуудсанд тодорхой тайлбарлан компьютерээр шивж бичсэн байх.

-Логог хар болон цагаан гадаргуу дээр байршуулах боломжтой байх.

-Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

-Бусад логоноос хуулбарласан, ямар нэг хэсгийг авч ашигласан болон зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.

Бүтээлийг 2021 оны 2 дугаар сарын 20–ны өдрөөс 2 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэл mta@darkhan.gov.mn цахим хаягаар болон Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөөнд файл хэлбэрээр хүлээн авах юм.

Бүтээл илгээхдээ /авч ирэхдээ/ овог, нэр, ажлын болон оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж хавсаргана.

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан ойн бэлтгэл ажлыг хангах ажлын багийн хурлаар шалгаруулна. Шалгарсан нэг бүтээлийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ажээ.

 

Холбоотой мэдээ