Нийслэлийн төсвийн 103 тэрбум төгрөгөөр 437 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-22 14:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 103 тэрбум төгрөгийн 437 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.


Үүнээс 44 тэрбум төгрөгийн 106 төсөл, үйл ажиллагаа нь энэ онд шинээр эхэлж байгаа, бусад 334 нь он дамжин хэрэгжиж буй ажил гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Маргаашаас бүх нийтийн хөл хорионы дэглэм бууруулж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлнэ. Хяналт тавьж байна гээд үйл ажиллагааг хааж , тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд энэ үед аж ахуйн нэгжээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч, хувийн хэвшлийнхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтаж, тусгай нөхцөл шаардлагаа биелүүлэхэд зөвлөн  туслаарай” гэлээ.


Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ёс зүйтэй байхад анхаарахыг сануулав. 

 

Холбоотой мэдээ