Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-02-20 14:50:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.


2021 оны 2 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ