Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болов

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-02-20 09:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургууль “Зүүн хойд Ази дах Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” оюутан, залуу эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн цахим бага хурлыг энэ сарын 18-19-нд зохион байгуулав.


Хоёр орны уламжлалт сайн хөршийн харилцааны түүх болон харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Монголын түүх, хэл, соёл, ёс заншил, өв уламжлалын тухай 30 шахам эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлийг хэлэлцсэн энэхүү бага хурлын нээлтийн үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваагийн мэндчилгээг тус Элчин сайдын яамны зөвлөх О.Очирмаа уламжлав.


Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, гүн ухааны доктор Д.А.Носов “Тунисын хоолойгоос Халхын голын эрэг хүртэл: улс төрийн сэдэв дэх эртний домог”, тус академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан В.О.Намжилова “Монголын хилийн боомтоор дамжин өнгөрөх ачааны урсгал эдийн засгийн идэвхжилтийн тусгал болох нь” сэдвээр илтгэл тавилаа. Мөн ОХУ-ын Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Төгөлдөр “ХХ зууны эхэн үеийн Монгол, Оросын харилцаа”, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Х.Кушхов “Чин гүрнийг сэргээн товхинуулах Монгол-Манжуурын 1915 оны төсөл: гарал үүсэл ба бүтэлгүйдэлийн шалтгаан”, Москвагийн Улсын их сургуулийн аспирант К.И.Бикмаева  “Монгол Улсын хэлний бодлого: 1991-2020 онуудад”, О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн улсын их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Г.Энхзаяан “Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын эх сурвалж судлал”, Буриадын Улсын их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Н.В.Хамаганова “Монгол хэл дэх адууны зүсний нэршил” сэдвээр илтгэл тавьсан юм.


Шинжлэх ухаан, боловсролын өндөр нэр хүнд бүхий арваад байгууллагын 50  гаруй эрдэмтэн, судлаач, оюутнууд оролцсон энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын хэлэлцүүлгэд ОХУ-ын Монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд болох И.В.Кульганек, А.Д.Цэндина, Ю.И.Дробышев, Р.Т.Сабиров нар байр суурь, үнэлэлт дүгнэлтээ идэвхтэй илэрхийлж байв. Мөн бага хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

Холбоотой мэдээ