Эстонийн дипломат ажилтныг нутаг буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-19 13:35:16

МОСКВА. /TASS/. Таллин дахь Оросын дипломат ажилтныг тааламжгүй этгээд хэмээн зарласных нь хариуд Оросын эрх баригчид Москва хот дахь Эстонийн Элчин сайдын яамны ажилтныг нутаг буцаажээ.


Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.  


“Эстони улс Таллин дахь Оросын Элчин сайдын яамны дипломат ажилтныг ямар ч үндэслэлгүйгээр тааламжгүй этгээд хэмээн зарласан. Тэрбээр боловсрол, соёлын асуудал хариуцсан ажилтан юм. Үүний хариуд Оросын эрх баригчид Москва хот дахь Эстонийн элчин сайдыг дуудаж, түүнд эрс эсэргүүцлээ илэрхийлэхийн сацуу дипломат төлөөлөгчийн газрынх нь нэг ажилтныг нутаг буцаах тухайг мэдэгдсэн” хэмээн тэрбээр хэлжээ.


"Бид хил залгаа улс орнууд тэр дундаа Эстони улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэх чиг шугамыг тууштай баримталдаг. Гэсэн ч ингэхийн тулд түншүүд мөн харилцаагаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй гэдгийг бид ойлгодог. Харамсалтай нь Эстони ямар ч шалтгаангүй дайсагналаа даван туулахад бэлэн биш байгаагаа харууллаа” хэмээн тэр мөн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ