Б.Энхтуяа: Байгаль орчны салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн байгаль орчны чиглэлийн 9
байгууллагын дарга, төлөөллүүдээс бүрдсэн БОАЖГ-ын даргын дэргэдэх зөвлөлийг шинээр
байгуулсан байна. Энэ талаар аймгийн БОАЖГ-ын шинэхэн дарга Б.Энхтуяагаас
тодрууллаа.
“Энэхүү зөвлөл нь ирэх жилүүдэд аймгийн байгаль орчныг
хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд
анхаарч ажиллах юм. Өнөөдөр болсон зөвлөлийн анхны хурлаар 2021 онд тус салбарт
хийж, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, хамтын ажиллагааг сайжруулах талаар бид санал
бодлоо солилцсон. Тодруулбал, байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг шийдэх,
ажилтан албан хаагчдыг чадавхжуулах, иргэдэд экологийн боловсрол олгох,
байгалийн хомсдол, доройтлоос сэргийлэх гэх мэт гурван төрлийн 27 ажлыг хийж
хэрэгжүүлэхээр боллоо.
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд иргэдийн оролцоог
нэмэгдүүлэх нь чухал. Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт
“Хашаандаа сайхан амьдарья”, “Шинэ хөдөө”, “Жорлонгоо өөрчилье” төслүүд
хэрэгжинэ. Эдгээр ажилд иргэдийг татан оролцуулах боломжийг судлах шаардлага
байгаа. Мөн ард иргэдэд байгалийн нөөцийг зөв, зохистой ашиглах талаарх мэдээ
мэдээллийг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллана” хэмээн тэрбээр
хэллээ.