Бизнесүүдийн мөрдөх стандартыг энэ сарын 17-нд танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-14 15:52:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хорио цээрийн дэглэм дуусах үед аж ахуйн нэгж, бизнесүүдийн мөрдөн ажиллах стандартыг энэ сарын 17-нд бэлэн болгоно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэв.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа энэ сарын 23-нд дуусах бөгөөд аж ахуйн нэгжүүдэд тодорхой стандартыг мөрдүүлж нээхээр төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ, иргэдтэй шууд нүүр тулж харьцдаг, харьцдаггүй гэсэн хоёр төрөлд хуваана. Үүн дээр нэмээд хүргэлтийн үйлчилгээ байж болох талаар ярилцаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэлдээ онцлов.


Дээрх хоёр стандартаар мөрдөх халдвар хамгааллын загварыг энэ сарын 17-нд Засгийн газрын хуралдаанаар батлах бөгөөд 23-наас тус стандартыг мөрдсөн аж ахуйн нэгж, бизнесүүд хэвийн ажиллаж болно. Үүнд УОК, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана. 


Мөн кино театр, үзвэр үйлчилгээг нээх асуудлаар судалж байгааг мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тэмдэглэв. Тэрбээр, "Кино үзвэрийг өнгөрсөн хавар суудал алгасуулах байдлаар, танхимын 50 хүртэлх хувийг дүүргэхээр нээж байсан. Тэгвэл одоо, хэдэн хувь байх вэ гэдэг нь шууд болон шууд бус харьцдаг хэмээн гаргах стандартын дагуу тодорхой болно. Энэ сарын 17-ноос буюу хөл хорио дуусахаас 6 хоногийн өмнө энэ асуудал тодорхой болно" хэмээв. 


Хөл хорионы үеэр "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээнд 420 мянган өрхийг хамруулах бөгөөд эхний гурван өдрөө нийт өрхийн 40 хувь нь хамрагдаад буйг Сангийн сайд Б.Жавхлан сайшаагаад, цаашид төлөвлөгөөндөө богино хугацаанд хүрэх бололцоо байгааг тэмдэглэв. Мөн нийтийн дунд тооцож байснаас цөөн халдвар илэрсэн тул өнгөрсөн хугацаанд голомтыг хумих ажил сайн үр дүн өгсөн хэмээн онцолж иргэдийг "Нэг хаалга - нэг шинжилгээ" арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриаллаа. Ингэснээр цаашид бизнесүүдээ хэвийн ажиллуулж эдийн засгаа сэргээх суурь болно гэдгийг цохон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ