Ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх, шинжилгээний хариугаа үзүүлээд зорчиж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-13 20:53:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-ын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд өчигдрөөс хойш ирсэн дуудлагын 10  хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар байсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг нь эзэлжээ.  


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдолтой танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл  өглөө.  


Тэрбээр, “Аль дүүргийн, аль байршлын айл өрхүүдээс хэзээ шинжилгээ авах тухай мэдээллийг иргэдэд ойлгомжтой өг. Эхлээд халдварын голомтын бүсээс, 14-нөөс нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн шинжилгээ хийх мэдээллийг тодорхой өгөөгүйгээс энэ олон дуудлага ирж байна. Маргааш  албан ёсны амралт дуусаж, зөвшөөрөгдсөн салбарынхан ажилдаа явна. 


Иймд PCR шинжилгээний хариу, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ биедээ авч яваа бол чөлөөтэй зорчиж болно” гэдгийг нэмж дурдаад, мэдээллийн зөрүү гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид  үүрэг  болгов


Иргэд хөл  хорионы дэглэмийн нөхцөл байдалтай холбоотой санал  хүсэлт,  гомдлоо НОК-ын Шуурхай штабын  1800-1200 дугаарын утсаар хүргэх боломжтой.  

 

Холбоотой мэдээ