УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-10 18:53:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас өнөөдөр Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуультай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.


Санамж бичигт УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Ж.Эрдэнэбулган нар гарын үсэг зурсан юм.


Санамж бичгийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулахад дэмжлэг олгох, хууль, эрх зүйн салбарын болон хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөр, модулийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, багш судлаачдыг томилж ажиллуулах, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний судалгаа хийх, хуулийн нэр томьёог боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны тайлан, сургалтын хэрэглэгдэхүүн, судалгаа шинжилгээний ажилд шаардагдах мэдээлэл харилцан солилцох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.



Энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “УИХ-ын Тамгын газар нь хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажилладаг. Энэ ажлын 80 гаруй хувь нь хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд төвлөрдөг. Хамтын ажиллагааны хүрээнд мэргэшсэн хуулийн төсөл боловсруулагчийг бэлтгэх, хууль зүйн техникийн онолын болон практик сургалтыг хамтран хийх, эрдэм шинжилгээний судалгаа хийх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах болно. Үүний үр дүнд парламентаас нийгмийн бүхий л хүрээний харилцаанд эерэг нөлөө үзүүлэхүйц, иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, агуулга, ач холбогдол сайтай, чанартай хууль батлагдан гарах боломж бүрдэнэ. Мөн УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнгээс иргэдэд парламентын боловсрол олгох асуудалд онцгойлон анхаарч, зорилтот хөтөлбөрийг боловсруулаад байна. Энэ хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлэх, парламентат ёсыг сурталчлан таниулахад хамтын ажиллагааны нэг хэсэг чиглэнэ гэж үзэж байна” хэмээн онцоллоо.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Ж.Эрдэнэбулган “МУИС нь 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуулийн нэг болох зорилт тавьж, гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа. Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байна. Хууль тогтоох ажил нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурладаг бөгөөд амьдралд бодитоор хэрэгжих хуулийг боловсруулан гаргахын тулд суурь судалгааг чанартай, мэргэжлийн түвшинд хийх ёстой. Онол, практикийг хослуулах хэрэгтэй. Ингэхийн тулд салбарын хэмжээнд судлаач, хуульч, багш нарыг давхар мэргэшүүлэх шаардлага бий болж байна. Энэхүү хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулснаар УИХ-ын Тамгын газар болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагаа өргөжиж, хууль тогтоох ажлын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажил хийх боломжтой болж байна” гэлээ.


Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурахад УИХ-ын Тамгын газрын Парламентын хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал нар байлцав.

Холбоотой мэдээ