Л.Оюун-Эрдэнэ: Авлига үүсгэж буй хөрстэй нь тэмцэх хамгийн чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-02-10 18:28:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баталсан Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийтэд танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, Монголбанкны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Коронавирусний вакцин авахад хэдэн төгрөг зарцуулах вэ. Вакцинжуулах ажлыг хэзээ эхлэх вэ?


- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусний вакциныг энэ оны долоодугаар сарын 1-нээс өмнө хийнэ.


-Шадар сайд С.Амарсайхан: Коронавирусний вакциныг гуравдугаар сараас эхлүүлэх бэлтгэлээ хангаж байна. Дотоодод хадгалах хөргөгч, тээвэрлэлтийн асуудлыг шийдсэн. Эмч сувилагч нарыг бэлтгэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусний шинжилгээний явуулын 200, суурин 95 цэг байгаа. Мөн зөөврийн цэг ч бий.


-“Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд хэдэн төгрөг зарцуулах вэ?


-Шадар сайд С.Амарсайхан: УОК цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дээрх шинжилгээг авах болсон. Сар шинийн баяраар монголчууд олон өдөр амардаг бөгөөд коронавирусний тархалт нэмэгдэх магадлал өндөр байна. Иймд 12 хоног хатуу хөл хорионд шилжих болсон. Улаанбаатар хотын 7 дүүрэгт 89 голомт байна. Өдөр ирэх тусам халдварын тоо нэмэгдэж байгаа. Улмаар Улаанбаатар хотоос аймаг, орон нутаг руу тархах эрсдэл ч өндөр байгаа. Цар тахлын асуудал бол хэн нэгэн хүн эсхүл аль нэг байгууллагын хариуцлага гэхээсээ бүх нийтийн харилцаа, хариуцлага юм. “Нэг өрх-Нэг хаалга” шинжилгээнд 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Гэхдээ зөвхөн энэ шинжилгээнд бус дараагийн шинжилгээний нөөцийг хангахад зарцуулах юм.


-Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан. Ойрын хугацаанд ээлжит бус чуулган хуралдах уу?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй. Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг энэ жишгээс татгалзах хэрэгтэй. Харин нэг сая төгрөгийн цалинтай ажлын байр бий болгоход тэр мөнгийг зарцуулах ёстой. Энэ бол Ерөнхий сайдын улс төрийн байр суурь. Энэ нь өнөөдөр давс мэт шорвог байгаа ч бид ингэхээс өөр аргагүй.


-УИХ-ын дарга Г.Занданшатар: Өрх болгонд нэг сая төгрөг өгөх мөнгө байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газраас заавал санал авч байж төсөвт тодотгол хийдэг болсон. Төсвийн шинжилгээний албанаас оффшор болон бусад авлигалын мөнгө төсөвт орж ирээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөнгө орж ирээгүй байхад зарлага гаргах боломжгүй. Тиймээс ээлжит бус чуулган хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын өдрүүдэд төрийн байгууллагуудын ажилтай танилцсан. Төрийн байгууллагууд хэт данхгар бүтэцтэй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг зэрэг шүүмжлэл их гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төр бүсээ чангална. Төр данхгар бүтэцтэй байгаа асуудлыг алхам алхмаар шийдвэрлэхийн төлөө зогсоно. Энэ амаргүй ч бид хийхээс өөр аргагүй. МИАТ компанийн тасалбар яагаад үнэтэй байдаг вэ. 800 ажилтантай учраас үнэтэй байгаа юм. Хэрэв МИАТ-ийг хувийн хэвшил ажиллуулдаг байсан бол 4 онгоцыг 300 хүнтэй ажиллуулж чадна. 500 хүний сул орон тоог татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байгаа. Энэ мэт асуудалд онцгой анхаарал хандуулна. Гэхдээ би энэ цаг үед шууд хүн хална, цомхотгоно гэхгүй. Ажлаа сайн хийж байгаа төрийн албан хаагч нь ажлаа цааш нь үргэлжлүүлнэ. Цахим шилжилт хийнэ. Цахимаар хийх тусам механик ажил хийж байгаа төрийн албан тушаалын давхцал бага болно. Тиймээс шаардлагагүй орон тоонуудын давхцлыг гаргах  ажлын баг байгуулсан. Үүнийг би УИХ-ын индрээс хэлсэн. Гэхдээ мэдээж хавтгайруулж хийхгүй. Социализмын үеэс явж ирсэн системийг орчин үед нийцүүлэх ажлыг үе шаттай хийнэ.


-Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад маш олон тендер зарлана. Тендерт цөөхөн хэдэн компани давуу байдалтай оролцдог тухай шүүмжлэл бий. Үүнд ямар анхаарал хандуулах вэ?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бүтээн байгуулалтын ажил явна. Гэхдээ тендертэй холбоотой асуудлыг цахимжуулж, ойлгомжтой болгох асуудлыг эргэж харахаар ажиллаж байгаа. Бид авлигын индексийг бууруулах зорилт тавьсан. Өнөөдөр авлигын индексээр Монгол Улс 111 дүгээр байрт явж байгаа. Хэрэв бид төрийн худалдан авалтыг 100 хувь цахимжуулж чадвал авлигын индекс буурах гол шалгуур үзүүлэлтийн 3-4-ийг шууд хангана. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын тухай хуулийг баталбал авлигын индекс буурна. Бид цахим шилжилтийг 80-90 хувьтай хийж чадвал мөн буурна. Бид ХОМ-ээ буруу бөглөсөн хүнд хариуцлага тооцох тогтолцоог хуульд оруулбал буурна. Авлигын индексийн 20 орчим шалгуур үзүүлэлтийн нэг нь төрийн худалдан авалт тул үүнд анхаарч ажиллана. Энэ дээр УИХ, АТГ болон бусад хууль хяналтын байгууллагатай нягт, шуурхай, зоримог ажиллах болно. Авлигачинтай хийх тэмцэл бол нэг хэрэг. Авлига үүсгэж байгаа хөрстэй тэмцэнэ гэдэг нь хамгийн чухал. 


-Шадар сайд С.Амарсайхан: Төрийн худалдан авалтыг цахим болгоно. Жишээ нь, ямар туршлагатай, хэдэн ажилтантай, татвар хураамжаа төлдөг үү гэдгийг цахимаар бөглөдөг, түүнд нь тулгуурлаж сонгон шалгаруулдаг болно. Хоёрдугаарт, гэрээнд тодорхой нөхцөл оруулна. Заримдаа хувийн аж ахуйн нэгж урьдчилгаа мөнгөө аваад алга болдог. Дуусаагүй, барилга зам үлдээдэг. Тиймээс заавал тодорхой шаардлага хангасны дараа урьдчилгаа төлбөр олгодог зарчим руу шилжинэ.


-Монгол Улс ардчилсан чөлөөт хэвлэлтэй орон байхад нэг цонхоор мэдээлэл өгнө гэдэг нь ямар учиртай вэ?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн байгууллагууд нэгдмэл мэдээлэлтэй байх асуудлыг хөндөж байгаа юм. Түүнээс биш сэтгүүлч та бүхэн хэрхэн мэдээлэх нь хэвлэл мэдээллийн өөрсдийн эрх чөлөө. Нэг үгээр хэлбэл, ЭМЯ, Шадар сайд, НОК өөр өөр мэдээлэл өгдгийг цэгцэлж, нэг цонхонд шилжүүлэх юм. Цахим дээр e-mongolia.mn дээр гол статистик мэдээллүүд байрлана. Гол 1-2 хүн тэр мэдээллийг өгнө. Өөр хүн мэдэмхийрч урдуур нь орж яривал хариуцлага тооцно, ялангуяа цар тахлын энэ үед.

-Шадар сайд С.Амарсайхан: УОК-ын дэргэд шинэ бүтэц бий болж байгаа. Нэг нь хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, ажлын уялдаа холбоог хангах, гарсан алдааг залруулах тогтолцоо юм. Энэ дотроо гүйцэтгэлийн, хөрөнгө санхүүгийн хяналт багтах юм. Хоёрт нь, Эрсдэлийн үеийн мэдээллийн хороо. Энэ хороонд УОК-ын гишүүн байгууллагын удирдлагууд орох бөгөөд иргэдэд төрийн мэдээллийг нэг эх сурвалжаас, үнэн бодитой хүргэж, буух эзэн буцах хаягтай байх юм. Энэ хүрээнд гадаадаас иргэдээ татан авах ажлыг зохион байгуулна.


-2020 оны 11 дүгээр сард төсөв батлах үеэр орон нутагт аялал жуулчлалын цогцолбор барьж байгаа нь шаардлагагүй хөрөнгө оруулалт болно хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Тэгэхээр 2021-2023 онд энэ бүтээн байгуулалтуудыг царцаах уу?


-Сангийн сайд Б.Жавхлан: Би 2021 оны төсөвт бид үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хойшлуулж, урсгалд зардалд маш том хэмнэлт хийсэн. Цаашид дахиад хэмнэлтийн горимд шилжих төлөвлөгөөнд сууж байна. 


-Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн гаргах вэ. Мөнгө хэвлэх үү?


-Сангийн сайд Б.Жавхлан: 2020, 2021 оны төсөвт нийт 4.1 их наяд төгрөгийг коронавирусний эсрэг бодлогын ажилд зарцуулсан. Энэ бол жижиг төсөвт ахдсан ачаалал. Цаашдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад коронавирустэй тэмцэх зардлыг төсөв дээр авах орон зай маш бага үлдсэн. Ер нь боломжгүй бол ирж байгаа. Тийм учраас эдийн засгийг богино хугацаанд хэвийн байдалд оруулах дунд, урт хугацааны төлөвлөлтөд мөнгөний болон төсвийг бодлогыг нягт уялдуулж явах цаг үе ирээд байна. Тиймээс төсвийн бодлого болон хувийн хэвшлийнхэн, иргэдийн оролцоо, Төвбанкны мөнгөний бодлогын хавсарсан төлөвлөгөөг танилцуулж байгаа юм. Өнгөрсөн онд ДБН -6 хувь гарлаа. Төсвийн алдагдал 12 хувь байлаа. Төлбөрийн тэнцэл 730 сая ам.долларын ашигтай гарлаа. Гэхдээ эдийн засаг агшаад гадагшаа гардаг валютын урсгал 2020 онд зогссон тул ашигтай гарсан юм. Мөнгө хэвлэх гэдэг бол улс төрийн хэллэг. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх хамгийн шаардлагатай үе одоо тохиож байна. Одоо мөнгөний нийлүүлэлт 15 хувьтай байгаа. ДНБ-ий хэвийн өсөлтийг хангахын тулд 5-7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлт хийх цаг хугацаа тулгарчихаад байна. Гэхдээ үүнийг халамж руу, хэрэглээ рүү оруулж болохгүй. Дараа нь орлого бий болгодог секторт оруулах ёстой.


-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: УИХ-ын намрын ээлжит чуулганаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталсан. 10 их наядын хөтөлбөр энэ чиглэлтэй нийцэж байгаа. 2021 онд мөнгөний бодлогыг 20-25 хувиар өсгөхөөр тооцоолсон байсан. Өнөөдөр Монголбанкинд 7.8 их наяд төгрөгийн илүүдэл нөөц хөрөнгө хуримтлагдаад байна. Тэгэхээр энэ хөтөлбөр хэрэгжсэнээр түгжигдэж байсан мөнгө зах зээлд гарна гэсэн үг.


-Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ жилүүдэд хэдэн ажлын байр хадгалж үлдэх вэ. Хэдэн ажлын байр шинээр бий болох вэ?


-Сангийн сайд Б.Болд: Цар тахлын үед ажлын байр нэмэх гэхээсээ илүү одоо байгаагаа хадгалж үлдэх, эрсдэлд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Энэ бол бидний өмнө тулсан ажил. Коронавируснээс өмнө 810 мянган ажлын байр байсан бол 68 мянгыг алдаад байна. Бид одоо энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй бол 210 мянган ажлын байраа алдах тооцоотой байна. Тиймээс энэ төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.


-Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын зээл авна. Үүний 19 сая ам.долларыг вакцин авах, вакцины хөргүүр авахад зарцуулах болсон. Үүнийг авах тогтоолыг Засгийн газар хэзээ батлах вэ?


-Сангийн сайд Б.Жавхлан: Энэ зээлийг олгох шийдвэрийг Дэлхийн банк өнөөдөр гаргана. Энэ зээлийг вакцин худалдаж авах, тээвэрлэх ажлыг санхүүжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60 хувь буву 1 сая 981 мянган иргэнээ вакцинжуулах санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдсэн. 226 тэрбум төгрөг дээр нэмэх нь бусад санхүүгийн эх үүсвэр гэсэн байдлаар Сангийн яам мөнгөө бэлэн болгосон байгаа.


-10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх явцад ам.долларын ханш өснө. Энэ асуудалд Төвбанк ямар бодлого баримтлах вэ?


-Сангийн сайд Б.Жавхлан: Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа үед энэ төрлийн дарамт харьцангуй бага. 


-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ханш тогтвортой байна гэдэгт Төвбанк итгэлтэй байгаа. Өнөөдөр байгаа ханш сүүлийн 6 сар хөдлөөгүй. Энэ оны эхээр харин ч сайжирч магадгүй төсөөлөл харагдаж байгаа. 


-Ажлын байрыг дэмжих 2 их наяд төгрөгийн төлөвлөгөөний хүрээнд яг ямар аж ахуйн нэгжид зээл олгох вэ. Зээлийн дээд болон доод хэмжээ хэдэн төгрөг байх вэ?


-Сангийн сайд Б.Жавхлан: Монголын ард түмэнд заяасан байгалийн баялгийг эргэлтэд оруулах замаар эх үүсвэр бий болгоно. Нэгдүгээрт 57 тонн алтны нөөцтэй Хармагтайн ордыг эргэлтэд оруулж, Төвбанк 1 их наяд төгрөгийг санхүүжүүлэх боломжтой. Энэ эх үүсвэрийг банкуудаар дамжуулж, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох төлөвлөгөөтэй байна.


-Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд хаана хаана, хэзээнээс орон сууц барьж эхлэх вэ?


-Сангийн сайд Б.Жавхлан: Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр орон даяар хэрэгжинэ. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс орон нутагт хямд өртөгтэй, бага хүүтэй ипотекийн зээл олгох бодлого хэрэгжүүлнэ. Газар болон дэд бүтцийн төлөвлөлтийг хийсэн төсөл нийслэл дээр байгаа юм билээ. Үүнийг түшиглэж нийслэлээс эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа.


-Ипотекийн зээлд 2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Залуу гэр бүлд ямар шалгуур тавих вэ. Өнгөрсөн хугацаанд 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь руу буулгах боломж бий юу. Банкууд 6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байгаа юу?


-Ипотекийн зээл бол нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөр бол Засгийн газрын төлөвлөгөөний цөм. Цаашид зээлийн хүртээмжийг нэмэх, нөхцөл шаардлагыг зөөллөх орон зайг эрэлхийлж ажиллах болно. Өнгөрсөн оны 11-12 сард зээлийн хүү 8 хувиас 6 хувь руу буурснаас хойш хамгийн өндөр буюу 95 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. 


-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 8 хувийн зээл 6 хувь руу шилжих боломжгүй.

Холбоотой мэдээ