БХБ-ын сайд салбарын ТББ-уудтай гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-10 16:47:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.


Хэлэлцээрийг барилгын салбарыг төлөөлж “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” ТББ-ын дарга Б.Батцогт, Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийг “Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Батсуурь, “Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ-ын дарга Б.Жавзандулам нар байгуулав.


Хэлэлцээрийн хүрээнд  Засгийн газрын “150 мянган айлын-Орон сууц” хөтөлбөр, ”Орлогод нийцсэн орон сууц”, ”Түрээсийн орон сууц”, “Залуус -1, 2 орон сууцны хороолол” төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх, салбарын инженер техникийн

болон бусад сургалт, нийт ажилтны нэгдсэн бүртгэлийн цахим платформыг нэвтрүүлэх юм.  


Барилгын салбарын ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 648 480 төгрөгөөс багагүй байлгах, барилгын материал, хийцийн үйлдвэрийн ажилтнуудын “Тарифт цалингийн жишиг”-ийг шинэчлэн батлуулах, 2021-2022 оныг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны соёлыг ажлын байранд хэвшүүлэн, инженер техникийн болон бусад ажилтны оролцоог нэмэх” жил болгон тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.


Түүнчлэн, усны үнэ, тарифийг нэмэх, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээнд зарцуулж буй өртгийг тооцон, хөдөлмөрийн бүтээмжийг шударга үнэлэх, ОСНАА-н байгууллагын санхүү, хүний нөөцийг чадавхжуулах, техникийн хүчин чадлыг нэмэх, ажилчдыг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулахыг хэлэлцээрт тусгасныг талууд хамтран хэрэгжүүлэхээр болов.

 

Холбоотой мэдээ