Т.Аюурсайхан: Оюутолгой төслийн гэрээ Монгол Улсад хохиролтой байгаатай санал нэг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-02-10 15:40:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын багийн ахлагч Т.Аюурсайхан болон багийн гишүүд ажлын төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулав.


УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулсан ажлын багт УИХ дахь цөөнхийн бүлэг болон бие даагчдын төлөөлөл орсон бөгөөд нийт 20 гишүүнтэй юм. Оюутолгойн орд бол Монгол Улсын, ард түмний баялаг. Гэтэл ордыг ашиглаад дуусахад Монгол Улс нэг ч ам.долларын ашиг авахгүйгээр барахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор байгаа нь байж боломгүй зүйл гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хэллээ. Мөн энэ ажлын баг шуурхай ажиллаж, үр дүнд хүрэх боломжтой гэдгийг онцолсон юм.


Тэрбээр, “Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байхад анх удаагаа УИХ тодорхой шийдвэр гаргасан нь тус ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын баг хяналт тавина. Өөрөөр хэлбэл, баталсан тогтоолдоо УИХ хяналт тавьж, хэрэгжилтийг хангах юм. Шаардлагатай бол УИХ-аас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө. Оюутолгой төслийн гэрээ, Дубайн гэрээ Монгол Улсад хохиролтой байгаа гэдэгтэй бид санал нийлж байна” хэмээв. Тэрбээр мөн Ажлын баг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, ажил үүргээ хуваарилан, дэд ажлын  багуудаа байгуулсан талаар мэдээллээ.


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Ц.Даваасүрэн, “Бид Оюутолгой төсөлтэй холбогдуулан жилд 600-700 сая ам.долларын зээлийн хүү төлж байгаа. Өдөр тутам 1.5-2 сая ам.долларын хүү төлж байгаа. Эцсийн дүнд бид баялгаа ашиглуулчихаад өртэй үлдэх тооцоотой байна. Тиймээс бид гэрээг сайжруулж, харилцан үр ашигтай байлгах ёстой” гэв.


Оюутолгой орд нь Эрдэнэт үйлдвэрээс 6 дахин их зэсийн нөөцтэй. Алтны нөөц нь Бороогийн ордоос 50 дахин, мөнгөний нөөцөөрөө Асгатын ордоос 3 дахин их юм. Монгол Улс 2020 оноос Оюутолгой төслөөс үр ашиг хүртэх байсан ч 2051 он хүртэл хойшилсон. Тиймээс харилцан ашигтай байлгахын төлөө ажиллахаас өөр сонголтгүй гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Ж.Мөнхбат хэллээ.

Холбоотой мэдээ