Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын баг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-02-10 15:23:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын дарга Г.Занданшатар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг байгуулах захирамж өчигдөр гаргав.


Ажлын багийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ахалж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм. Тус ажлын баг өнөөдөр анхны хурлаа хийв. 


Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа анх удаа УИХ шийдвэр гаргаж, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг баталсан. 2019 оны 11 дүгээр сарын 21-нд баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон ажил хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрөөд байна.  


Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор УИХ санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. 


2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн УИХ энэхүү ажлын багийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг ажлын багийн ахлагч Т.Аюурсайхан хурлын эхэнд тэмдэглэлээ. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд ажлын баг байгуулсан гэдгийг танилцуулаад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын багуудыг байгууллаа. 


Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар шийдвэрлэв. Тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын багийг УИХын гишүүн Х.Болорчулуун ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын багийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар ажиллах юм.   


Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын багийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар ажиллана. 


Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох гаргуулах тав дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын багийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо. 


 Тогтоолын зургадугаар заалт буюу Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны 57 дугаар захирамжаар байгуулсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц ажил өрнүүлэх заалтын хэрэгжилтэд хяналт тавих дэд ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал нар ажиллахаар шийдвэрлэв.  


Оюу толгой гэрээтэй болон тус ордын ашиглалттай холбоотой олон улсын болон дотоодын шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар ажлын хэсгийг мэдээллээр хангах дэд ажлын багийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, С.Ганбаатар нар ажиллана. 


Дэд ажлын багуудад УИХ-ын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнууд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд дэд ажлын хэсгүүд тус бүрийн чиглэлээр санал, дүгнэлт гарган “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт танилцуулах юм. 


Ажлын багийн хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ажлын хэсгийн гол чиг үүргийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Ганибал нар оролцов. 

Холбоотой мэдээ