Ховд аймагт тендер шалгаруулалтыг нээлттэй болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон ажлын тендер шалгаруулалтыг ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Ховд аймаг төрийн
ажлыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ
шатанд гаргах томоохон зорилт дэвшүүлж, “Хариуцлагатай тунгалаг төр” болон “Стандарттай
Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд улсын болон
орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бүхий л үйл явцыг
ил тод, шударга, нээлттэй зохион байгуулах зорилгоор “Шилэн тендер-2021” үйл
ажиллагааг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд анх удаа
зохион байгууллаа.
Энэ үеэр Ховд аймгийн ИТХ-ын
ажлын алба, ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны алба хамтран
ажил гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг зохион байгуулах, хянах эрх бүхий “Тендерийн
үнэлгээний хороо”-ны бүрэлдэхүүнийг шинээр сонгов.
Ингэхдээ тус хорооны гишүүдийн
нэрсийг сугалаа татах байдлаар сонгож, олон нийтэд танилцууллаа.
Ховд аймагт 2021 онд хэрэгжүүлэх
100 гаруй төсөл, арга хэмжээ бий. Үүнээс эхний ээлжинд 12 ажлын Тендерийн үнэлгээний
хороог ил тод, нээлттэй байдлаар сонгон томилсон нь энэ юм.
Тус үйл ажиллагаанд үнэлгээний
хороонд орж ажиллах эрх бүхий төрийн албан хаагч, иргэний нийгмийн байгууллага,
бизнесийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон.
Мөн энэ үеэр аймгийн ЗДТГ-ын
“Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг
зохион байгуулахад баримтлах журам”-ыг жишиг болгон танилцуулав.
Цаашид төсөл, арга хэмжээ
тус бүрийг хариуцах Тендерийн үнэлгээний хорооны дарга нартай аймгийн ЗДТГ-ын дарга
Д.Энхболд хариуцлагын гэрээ байгуулж ажиллана. Улмаар үнэлгээний хороо
хоёрдугаар хурлынхаа хүрээнд тендерийг нийтэд ил тод зарлах аж.
Тус үйл ажиллагааг
цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн байна.