Дональд Трампт хариуцлага тооцох үйл явцыг Үндсэн хуультай нийцсэн гэж үзжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-10 09:39:35

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампт хариуцлага тооцох үйл явц нь Америкийн Үндсэн хуультай зөрчилдөх эсэх асуудлаар Сенатын танхим мягмар гарагт санал хураав. Санал хураалтыг хууль тогтоох байгууллагын дээд танхимын цахим хуудсаар шууд дамжуулжээ.


Ерөнхийлөгч асанд импичмент зарлах эсэх асуудлыг урьд нь шүүх дээр авч хэлэлцэж байгаагүй учир Үндсэн хуулийн эрх зүй судлаачид энэ талаар янз бүрийн байр суурьтай байсан аж. 


Харин сенатчид энэ асуудлыг бие даан шийдвэрлэх боломжтой гэж шийдсэн учир импичментийн үйл явц үргэлжлэхээр болж байгаа юм.


Трампт зарласан импичмент АНУ-ын Үндсэн хуультай нийцэж байгаатай 56 сенатч санал нэгдсэн бол 44 хууль тогтоогч эсрэг санал өгсөн байна. Үүний зэрэгцээ төрийн тэргүүн асны намын зургаан гишүүн Ардчилсан намын 50 гишүүнтэй нэгджээ.


Гэсэн хэдий ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар, энэ нь эдгээр бүгд найрамдахчууд дараа нь Трампт хариуцлага тооцох санал өгнө гэсэн үг биш бөгөөд импичментийг хүчин төгөлдөр болгоход 67 сенатчын санал шаардлагатай аж. Америкийн тоймчид Трампыг дахин цагаатгана гэдэгт үндсэндээ итгэлтэй байна.


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампт импичмент зарлах тогтоолыг өнгөрсөн сард баталсан бөгөөд түүнийг шүүх ажиллагаа Сенатын танхимд мягмар гарагт эхэлжээ.


Холбоотой мэдээ