Ховд аймгийн хамгийн өндөр настан Х.Амила 103 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-09 17:29:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 88 мянга гаруй хүн амтай. Улиран өнгөрч буй хулгана жилд Ховд аймгийн хэмжээнд 2263 эх амаржиж, 2274 иргэнээр бүл нэмсэн байна.

Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд 100 болон түүнээс дээш насны таван иргэн байна.

Үүнээс хамгийн ахмад нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн иргэн Х.Амила юм. Тэрбээр өдгөө 103 настай. Тэртээ 1918 оны хоёрдугаар сарын 5-нд Ховд суманд мэндэлжээ.

Х.Амила нь мал маллах, ногоо тарих зэргээр хөдөө аж ахуйн салбарт уйггуй хөдөлмөрлөж байгаад гавьяаныхаа амралтад суусан юм. 

15 хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн Х.Амила гуай өдгөө 100 гаруй ач, зээ, үр хүүхдүүдийн хамт энх тунх аж төрж байна.

Үүнээс гадна Ховд аймгийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 97 ба түүнээс дээш насны 14 хүн буй. Эдгээр иргэний 13 нь эмэгтэй, нэг нь эрэгтэй аж. Тэдний 4 нь аймгийн төвд, 5 нь сумын төвд, хөдөө 5 амьдарч байна гэх судалгаа гарчээ. 

 

Холбоотой мэдээ