Ховд аймгийн 3500 гаруй ахмад настан “Насны хишиг” авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-09 14:14:35

Ховд /МОНЦАМЭ/. “Насны хишиг”, Эхийн алдар” одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 10-нд олгож эхэлнэ.

Ахмад настны тухай хуулийг 2017 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянган төгрөг, 80-89 настай иргэнд 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүр Цагаан сар болон Улсын баяр наадам”-ын өмнө олгодог.

Энэ онд 140 мянган ахмад настан “Насны хишиг”, Эхийн алдар одонгийн мөнгийг 223.8 мянган эхэд олгох аж.  

Тэгвэл Ховд аймгийн тухайд “Насны хишиг” авах 3500 гаруй ахмад настан байна. Харин “Эхийн алдар одонгийн мөнгө авах 9100 гаруй эх бий гэх судалгаа гарчээ.

УИХ-аас 2010 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг баталсан. Улмаар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож буй.

Мөн нийгмийн халамжийн сангаас нэгдүгээр одонтой эхэд жил бүр 200 мянга, хоёрдугаар одонтой эхэд 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгч буй.

Энэ оноос эхлэн тус хоёр үйлчилгээг Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан, тус цахим системд холбосон дансанд шилжүүлж олгоно. Ийнхүү иргэдийг арилжааны банканд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Үйлчилгээнд хамрагдах нийт иргэдийн 97 хувь нь цахим системд дансаа холбосон байгаа аж.

 

Холбоотой мэдээ