Хоёрдугаар сар гарсаар гурван удаагийн гал түймэр гарлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-08 16:37:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сар гарсаар Өвөрхангай аймагт гал түймрийн осол гэмтэл багагүй гарч байна. Ахуйн гал түймрийн улмаас хоёр настай охин амиа алдаж, гурван айл өрх эд хөрөнгөөрөө хохирчээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Уянга сумын Бадрал багийн Чандагтай гэх газар малчин Ш-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Уянга сумын ЗДТГ-аас томилогдсон бүрэлдэхүүнийг очиход Ш-ийн таван ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатсан байжээ. Мөн гал түймэрт хоёр настай, эмэгтэй хүүхэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Гэрийн эзэн эхнэрийн хамт малдаа явсан хойгуур уг эмгэнэлтэй хэрэг гарсан бөгөөд тухайн үед хоёр настай охин гэртээ үлдэж, арав, долоон настай хоёр ах нь гадаа тоглож байсан байна. Гал түймрийг зуухнаас гал алдсан байж болзошгүй хэмээн урьдчилан дүгнэж байгаа ч эцэслэн тогтоогоогүй байна.

Мөн тус өдөр Арвайхээр сумын Согоот багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиж, иргэн Х-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байхад нь унтраажээ.

Энэ сарын 06-ны өдөр Арвайхээр сумын Рашаант багийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиж, иргэн Н-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Иймд хаврын салхи шуургатай өдрүүдэд цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил гал хаяхгүй байх, цахилгааны аюулгүй байдлыг хангахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ