Индонез улс гадаадын саатуулагдсан хөлөг онгоцуудыг живүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-08 12:24:53

СИНГАПУР. /TASS/. Хууль бусаар загас агнуурын үйл ажиллагаа явуулж байгаад саатуулагдсан гадаад орнуудын 30 хөлөг онгоцыг живүүлнэ гэж Индонез улсын Далай тэнгис, загас агнуурын сайд Суси Пужиастути мэдэгджээ.

Хулгайгаар загас агнахад ашигласан хөлөг онгоцуудыг живүүлэх арга хэмжээг дэлхийн олон улс оронд авдаг гэдгийг сайд сануулаад, саяхан Аргентин улс ийм алхам хийснийг дурдлаа.

Түүний ярьснаар, хэдхэн хоногийн өмнө Индонезийн эдийн засгийн бүсэд явуулсан ажиллагааны явцад Вьетнамын далбаа бүхий загас агнуурын гурван хөлөг онгоцыг саатуулжээ. Харин тавдугаар сарын 27-нд саатуулагдсан Хятадын хөлөг онгоцны талаар сайд тодорхой зүйл хэлсэнгүй.

2014 оноос хойш Индонезийн эрх баригчид тус улсын эргийн усанд хууль бусаар загас агнуур хийж байгаад саатуулагдсан гадаадын 170 хөлөг онгоцыг живүүлсэн байна.

Саяхан болсон нэгэн олон улсын хурлын үеэр Индонезийн Далай тэнгис, загас агнуурын сайд үг хэлэхдээ “хууль бусаар загас агнах явдлыг хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй адилтган үзэх”-ийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ. Хууль бусаар загас агнах нь эрэг орчмын улс орнуудад эдийн засгийн томоохон асуудал үүсгэж байгаа гэдгийг сайд анхааруулсан байна. Ийм төрлийн гэмт хэргийн улмаас Индонез улс жил бүр 20 тэрбум долларын хохирол амсдаг ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ