Хоёр байгууллагад машин, техник хэрэгсэл хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-04 12:03:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн удирдлагууд гудамж талбай цэвэрлэх автомат ажиллагаатай техник хэрэгсэл, гал түймэр унтраах, аврах зориулалтын автомашиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ сарын 03-нд болов. 

Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинэ Ховд” төсөл хэрэгжүүлж, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлсэн байдаг.

Энэ хүрээнд эхний ээлжинд Ховд аймгийг хог хаягдалгүй болгох, иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” ОНӨААТҮГ-ыг байгуулсан аж.

Улмаар “Агаар орчны бохирдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 700 сая төгрөгийн санхүүжилтээр гудамж талбай цэвэрлэх автомат ажиллагаатай машин, хог боох \пресслэх\, ачих машин, ковш зэрэг таван техник хэрэгсэл авч, тус байгууллагад хүлээлгэн өгөв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хамтран “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй. 

Энэхүү төслийн хүрээнд орон нутгийн Онцгой байдлын газарт нийлүүлж буй гал түймэр унтраах аврах зориулалтын автомашиныг албан ёсоор гардуулан өгсөн юм.  

Тодруулбал, тус төслийн хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн онд гурван машин нийлүүлсэн. Харин энэ онд дахин гурван машин буюу нийт 3.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий техник хэрэгсэл олгож байгаагаараа онцлогтой.  

 

Холбоотой мэдээ