Засаг даргаар ахлуулсан ажлын баг таван суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-03 12:59:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тэргүүтэй ажлын баг Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг суманд ажиллалаа.

Шинээр томилогдсон Засаг дарга дээрх сумдын ажил байдалтай танилцаж, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзан Дундговь аймгийн 2020-2024 оны үйл ажиллагааны чиглэл, баримталж байгаа бодлого шийдвэрийг танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар чиглэл өгсөн байна.

Дундговь аймгийн хувьд нийт суманд мэргэжилтэй ажиллах боловсон хүчин дутмаг, ажиллаж амьдрах нөхцөл боломж сайн бүрдээгүй, нийт нутгаар зуншлага тааруу байсан тул өвөлжилт хүндэрсэн, нийт малчдын 80 гаруй хувь нь бусад аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа, малын хорогдол гарч эхэлсэн, мөн коронавирусний цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, орлого нь буурсан зэрэг тулгамдсан асуудлууд байна.

Тиймээс ажлын баг төрийн албан хаагчид, иргэдтэй уулзах энэ үеэр төрийн байгууллагуудад дутагдалтай байгаа сул орон тоог нөхөх, албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил"-ийн хүрээнд орон нутгийн бизнесүүдийг дэмжин ажиллах зэрэг тулгамдсан асуудлуудаар санал солилцож, нөхцөл байдалтай танилцжээ.

Энэ үеэр дээрх таван сумын төрийн байгууллагуудын 2020 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, ажил байдалтай нь танилцан, зөвлөгөө өгч ажилласан байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг бух сум, агентлагаар нэгтгэн гаргах аж. 

Холбоотой мэдээ