Архивын ерөнхий газар Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнтэй эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болов.
Хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгах гэрээнд АЕГ-ын дарга
С.Энхбаатар, ОУХХ-гийн захирал, түүхийн ухааны доктор /Ph.D/ Д.Золбоо нар мягмар
гарагт гарын үсэг зурсан байна.
Тус санамж бичгийг 2019 онд байгуулж, талууд хариуцсан чиг үүргийнхээ чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ
хүрээнд, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивын баримтаас
судалгааны эргэлтэд оруулж, Академич Чулууны Далайн мэндэлсний 90 жилийн ойг
тохиолдуулан ажил үйлс, эрдэм судлалын нь тухай 9 ботийг эмхэтгэн
хэвлүүлсэн байна. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр уг бүтээлийн дээжээс ОУХХ-гийн хамт олонд гардуулахдаа академич Ч.Далайн хувийн
хөмрөг үүсгэж Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулахаар ажиллаж байгааг онцлов.