Шинэ менежментээр хурдтай, эерэг хандлагаар ажиллахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын ажлыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал. Засгийн газар, УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, НОК бүгд ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаврууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж эс чадвал хатуу хариуцлага тооцож явах болно” гэлээ.
Мөн тэрбээр алба хаагчдад дараах асуудлуудыг онцгойлон анхаарахыг үүрэг болгов. Үүнд:
- Шат шатандаа одоогийн ажлын арга барил, хандлагаа өөрчилж, шинэчлээд хурдтай, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах
- Салбар хоорондын уялдааг хангаж, мэдээллийн урсгалыг нэгтгэн, мэдээллийн менежментээ сайжруулах
- Зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх
- Цар тахлыг араас нь хөөж, илрүүлж эмчлэх биш урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарах
УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД 19-ийн өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэр танилцуулсан. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 2 дугаар сарын 6-21-нд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлбэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна гэж үзэж байгаа аж. Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэлсэн байна.