Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын дараах эдийн засгийн тусгай төлөвлөгөө гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-27 17:09:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэх явцад УИХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авлаа.


Завсарлага авахаас өмнө чуулганы хуралдааны үеэр нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа шинэ Засгийн газар Төмөр замын бүтээн байгуулалт, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх эсэх, Оюутолгой төслийн талаар ямар байр суурь баримтлахыг тодруулав. 


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Төмөр замыг үргэлжлүүлнэ. Би хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын багийн ахлагчаар ажиллаж байсан. Тиймээс өмнөх Засгийн газрын бодлоготой нийцэж явна. Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замыг маш яаралтай барьж дуусах хэрэгтэй. Ингэснээр Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, экспорт 30 хувиар өснө. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ. Энэ үйлдвэрийг барьж чадвал гадагшаа урсаж байгаа 1 тэрбум ам.долларыг дотооддоо үлдээх боломжтой болно. Тавантолгойн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг дуусгахын төлөө шаргуу ажиллана. Оюутолгой төслийн хэлэлцээр хүнд нөхцөлд үргэлжилж байгаа. Өмнөх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх үүрэг өгсөн. Нэг жилийн хугацаанд ажлын баг амаргүй сорилт дунд явж, олон ахиц, үр дүн гарсан. Энэ үед улс төржилт нэмэгдсэн. Бид энэ гэрээг цуцлахтай холбоотой саналыг хөрөнгө оруулагч талд тавьсан байгаа” 


УИХ-ын гишүүн Д.Батлут дээд боловсролын тогтолцоог өөрчлөх эсэх, шинжлэх ухааны салбарыг хэрхэн хөгжүүлэхийг тодрууллаа.


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Монгол хүүхэд оюуны чадавхаараа 7 дугаар байрт, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, хөгжүүлэх байдлаар 59, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээр байрт байна. Энэ бол Монгол Улсын боловсролын тогтолцоо дэлхийтэй өрсөлдөхөд учир дутагдалтай байна гэж ойлгохоос өөр гарцгүй. Тиймээс их, дээд сургуулийн асуудалд онцгой анхаарах шаардлага үүснэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дундаж давхаргыг тэлэх тогтолцооны шинэчлэл гэж зорилт байгаа. Үүнд, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгаалалтай холбоотой багц зорилт бий. Тиймээс ирэх жилүүдэд боловсролын тогтолцооны том шинэчлэл хийх ёстой. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл гарч ирэх бөгөөд түүнд шаардлагатай боловсон хүчинг бэлтгэх тогтолцооны шинэчлэл рүү явна. Засгийн газраас Боловсролын багц хуулийг боловсруулж байгаа бөгөөд хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барина. Шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжинэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл дотор шинжлэх ухаан, технологийн салбарыг оруулж ирнэ гэж бодож байгаа. Шинжлэх ухааны академийн уламжлалт арга барилыг өөрчлөх шаардлагатай. Тиймээс Засгийн газар том хэмжээний реформ хийх болно” гэв.


УИХ-ын гишүүн Б.Бейсен цар тахлын нөхцөл байдал, багш, эмч нарын цалинг нэмэх эсэхийг асуув. Түүнчлэн, Баян-Өлгий аймагт тува, казах сургууль байдаг бөгөөд хос хэлний сургалтын талаар ямар бодлого баримтлахыг тодрууллаа.


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахал бол зөвхөн Монгол Улсад тулгамдсан асуудал биш. Дэлхийн II дайнаас хойш 2 сая гаруй хүний амийг авсан том цар тахалтай хүн төрөлхтөн нүүр тулж байгаа. 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас 3 дахин илүү хүндрэлтэй байна гэсэн тооцоолол бий. Монгол Улс дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон ч энэ зовлон биднийг тойрсонгүй. Бид нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулна. Энэ ажлыг шуурхай зохион байгуулснаар цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аврах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. 430 мянган хүний ажлын байр эрсдэлд орсон дүн гарч байгаа тул хувийн хэвшил, ажил олгогч нартаа онцгойлон анхаарч, өмнө нь хэрэгжүүлсэн ажлуудаа цогц хөтөлбөр болгоно” гэв.


Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Цаашид эдийн засгийг солонгоруулахад ямар бодлого хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүн Н.Ганибал асуув.


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улс экспортоос 7.6 сая ам.доллар олдог. Үүнээс 89 хувь нь уул уурхайн салбарынх. Шинжлэх ухаан, технологийн том дэвшил гараад нүүрс хэрэглэхээ боливол Монгол Улс хүнд нөхцөлд орох тул үүнийг шийдвэрлэх ёстой. Одоо бол уул уурхайн бүтээгдэхүүн зах зээлд байгаа цаг үеийг ашиглах ёстой. Энэ бол алдаж болохгүй алтан боломж. Тэргүүлэх чиглэлийг зарлана. Шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, ложистик, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл гэж үзнэ. Үндэсний баялгийн сан байгуулна. Импортоор алдаж байгаа бусад зүйлээ дотооддоо хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэгт анхаарна. Энэ зүйлсийг цаг алдалгүй хийхгүй бол, магадгүй 10 жилийн дараа туйлын хүнд байдалд орж магадгүй гэдгийг судлаачид хэлж байгаа. Зөвхөн уул уурхай биш олон тулгуурт эдийн засаг руу шилжинэ. Үүнтэй холбоотой олон асуудлыг УИХ-д оруулж ирж, ярилцах зайлшгүй шаардлага үүснэ” гэлээ.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхий сайдын төвлөрч ажиллах гол гурван салбарыг тодруулав.


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Дөрвөн зүйлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, цар тахлыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал үүснэ. Үүнтэй холбогдуулан вакцинжуулалт хийх, төсвийн алдагдлыг нөхөх,  экспортыг нэмэх, онцгой байдлын менежементийн асуудал байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал. Энэ хүнд үеийг хэрхэн даван туулах вэ, ямар чиглэлийг дэмжих вэ, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн босгох вэ гэдэг зорилтыг дэвшүүлнэ.

Гуравдугаарт, амьдралын чанар. Бид дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоотой холбоотой асуудлыг хөндөхөөс өөр гарцгүй болсон. Хуримтлалын нэгдсэн тогтолцоо руу шилжиж чадах уу, үгүй юу гэдгийг УИХ-тай хамтран шийднэ. Орон сууц авахад, эрүүл мэндийн, боловсролын тэтгэмж авах зэрэг залуу гэр бүлээ дэмжих тогтолцоог нэгтгэх ажил руу орох нь зүйтэй. Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлнэ. Үүнийг үе үеийн Засгийн газар дэвшүүлсэн. Үе үеийн Засгийн газрын сайн бодлогыг авч хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ гэж бодож байгаа. Дөрөвдүгээрт, сайн засаглал, цахим засаглал. Ингэж байж бид төрийн албаны данхгар бүтцийг гүйцэтгэлд тулгуурладаг болгон шинэчлэх боломж үүснэ. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад ажиглагдаж байсан зүйл бол 80-90 ажилтантай яамны 15-20 хүн хэт ачаалалтай, бусад нь харьцангуй бага ачаалалтай байгаа нь ажиглагдсан” гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Оюутолгой төслийн Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Амаргүй нөхцөл байдал үүсдэг. Үндсэндээ Европын сэргээн босголтын банк, Канадын Экспортын банк, Австралийн Экспортын агентлаг,  Канадын Хатан хааны худалдааны банк, Австралийн Үндэсний банк, “Эйч Эс Би Эс” банк, Токиогийн банк, Дэлхийн банкнаас санхүүжилт босгосон. Тиймээс энэ асуудлыг хөндөхөд тэнд байгаа татвар төлөгчдийн мөнгө давхар хөндөгддөг. Үүний улмаас энэ нь геополитикийн асуудал болж хувирдаг зовлон бий. Оюутолгойтой холбоотой асуудлыг шийдэхийн тулд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар сайн ажиллаж байсан юм билээ. Үүний дараа эдийн засаг хүнд байсан тул санхүүжилт босгох шаардлага үүссэн.

Санхүүжилт босгохдоо 7-8 саналыг хөрөнгө оруулагч талд тавьсан. Жишээлбэл, 4.3 дахь заалт, “Маргаантай байсан ил уурхайн хөрөнгө оруулалт болон татварын асуудлыг хөрөнгө оруулагч талд шийдвэрлэх”, 4.5 дахь заалт, “Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг хөнгөлөлттэй байдлаар шийдвэрлэх”. Үүн дээр 64 сая ам.долларын алдагдал хүлээнэ. 6.1 дэх заалтад “АМНАТ-ыг тооцож төлөхтэй холбоотой”, 5.5 b “Рио Тинто төслийн санхүүжилтэд зээлийн баталгаа гаргасны шимтгэл 1.9 хувьтай тэнцүү байх”, 5.5 а, “Төслийн санхүүжилтийн зээлийг авахыг зөвшөөрч, Турки Хилл-д төлөх зээлийг эргэн төлөх зорилгоор зарцуулахыг зөвшөөрсөн”. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагч талын тавьсан саналыг тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийн улмаас хүлээн зөвшөөрсөн. Үүнээс болоод зардал хэтрэх болгонд ногдол ашиг авах хугацаа хойшилдог. Үүнийг бид одоо хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байж шийднэ. Засгийн газар бол үүнийг олон улсын хэлэлцээр биш, гэрээ биш гэж үзэж байгаа тул шийдэх боломжтой гэж үзээд, хэлэлцээрийн ширээний ард суугаад явж байгаа. Магадгүй хаалттай хуралдаж, олон хуудас материалтай ч танилцах хэрэг гарч магад. Энэ бол манай үндэсний эрх ашиг. Анх удаа арбитрын маргаан үүсгэсэн бөгөөд Засгийн газрын талд шийдвэр гарах гээд явж байгаа. Байгалийн нөөцийн асуудал. Мөн Дубайн гэрээ олон улсын хэлцэл мөн эсэх, Оюутолгой гэрээтэй холбоотай авлигын асуудал байгаа эсэх зэрэг олон асуудал бий. Цаашлаад Оюутолгойн ТУЗ-ийн нэг гишүүнийг солино. Ажлын багтай холбоотой зарим бичиг баримт алдагдсан байгаа. Үүнийг нийслэлийн прокуророос гаргасан гэж үзэж байгаа” гэв.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын гадаад өрийн хэмжээ болон улсын төсвийн нөхцөл байдлыг тодрууллаа.


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Засгийн газрын өр 8 сая ам.доллар, Төв банкны өр 2.1 сая ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 сая ам.доллар байна. Хөгжлийн банк, Энержи Ресурс, Оюутолгой төсөлтэй холбоотой 8 сая ам.доллар, шууд хөрөнгө оруулалтын зээл 11.2 сая ам.доллар байгаа. Энэ өр нь хөрөнгө оруулалтын төслүүд байгаа. Улсын төсөв амаргүй байгаа. 4.5 их наяд буюу ДНБ-ий 11 хувиар тасарч байгаа. Гэхдээ цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөөг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага байна. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ тогтвортой байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа. Тиймээс цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй байх хэмжээнд хүрэхгүй. Дэлхийн улс орнууд цар тахлын дараах эдийн засагт бэлдэж байна. Цар тахлын дараа V цикль буюу огцом унасан шигээ огцом сэргэх болов уу. Тиймээс одооноос тусгай төлөвлөгөө гарган бэлдэж, цагийг зөв ашиглахад анхаарах ёстой” гэв.


Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, шинэ яам байгуулах эсэхийг УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулаа.


Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахлын үед өөрчлөлт хийхгүй явах зөв нь зөв. Гэхдээ цар тахлын дараа болон эдийн засаг сэргэх үед хоёр яам шинээр байгуулна. Нэгдүгээрт, Эдийн засаг хөгжлийн яам. Энэ яам томоохон төслүүдтэй холбоотой асуудлыг шийддэг, гаднаас хөрөнгө босгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн харилцааг авч явах юм. Энэ яам эдийн засгийн бодлогоо урт хугацаагаар боловсруулж, түүний дагуу Сангийн яам санхүүжүүлдэг байх тогтолцоо руу орохгүй бол болохгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Цахим хөгжлийн яам байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхгар бүтцийг 30-30 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. E-mongolia цахим цонхонд төрийн 188 үйлчилгээг төвлөрүүлсэн. Ирэх 3 жил төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлнэ гэж тооцож байгаа. Ингэж байж төрийн хүнд суртал багасна. Хүнд суртал багасна гэдэг бол авлига багасна гэсэн үг” хэмээв.

Холбоотой мэдээ