Говь, хээрийн бүсэд зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-01-26 14:24:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь, хээрийн бүсэд энэ жил зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч хүйтэн, цас чийг байхгүйгээс мал, ан амьтан тэжээлгүйдэж, зэрлэг ан амьтад өвс, тэжээлээр дутагдаж байна. Үүнээс болж зэрлэг амьтад суурьшлын бүс рүү олноор нэвтрэн орж ирэхээс гадна тоо толгой нь хорогдож байна. Аймаг, орон нутгийн тусгай хамгаалалтын захиргаа болон аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд үүнд анхаарч, ан амьтдад өвс, тэжээл тавьж өгч байна. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийн 63 цэгт зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьж өгөх ажлыг үе шаттай зохион байгуулжээ. Ингэхдээ мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөө, чиг удирдамжийг авч байна. Өмнөговь аймагт Сэврэй сумын залуучууд санаачлан ховор ан амьтдад өвс, идэш тэжээл бэлтгэн бэлчээр замд нь тавьж өгч байна.


Мөн Завхан аймаг ан амьтдад био техникийн аргаар өвс тэжээл өгөхөд зориулж 4 сая төгрөг гаргажээ. Энэхүү хөрөнгийг зудын нэн эрсдэлтэй зэрэгт багтаад буй Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут зэрэг өвсгүй, цас ихтэй, өвөлжилт хүндэрч буй сум, бүс нутаг болон ховордож буй аргаль, янгир, халиун буга зэрэг ан амьтан ихтэй газруудад зарцуулж буй аж. 


Говийн бүсэд Дундговь аймгийн Сайнцагаан, Баянжаргалан, Гурвансайхан зэрэг 6 сумын 7 бүс нутагт ан амьтдад 600 гаруй боодол өвс тавьж өгөөд байна. Мөн тус аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрцогт зэрэг баруун талын сумдад зэрлэг амьтдад хужир мараа тавьж өгч байна. Их газрын чулууны орон нутгийн Тусгай хамгаалалтын захиргаа биотехникийн арга хэмжээ авч байна. Эдгээр нь тухайн бүс нутагт байгаа ан амьтныг хамгаалж, өсгөж үржүүлэх, байгаль цаг уурын хүнд нөхцөл байдлыг даван гарахад нь туслах зорилготойг байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ үйл ажиллагаанд мөн зарим ААН, албан байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэн өвс тэжээлийг тээвэрлэн хүргэж байна. 


Холбоотой мэдээ