Шүүхийн хуульд тавьсан хоригоор АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-26 12:30:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага олгов. 


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Шүүхийн тухай хуулиар, шүүхийн хараат бус байх зарчим руу том алхам хийсэн хэмээн тодотгож, хуулийг АН-ын бүлгийн гишүүдийн оролцоотой баталсныг тэмдэглэв. Тэрбээр, "Аливаа зүйлд алдаа, дутагдал гардаг. Тэрийг Ерөнхийлөгч олж хараад хориг тавьсан гэж ойлгож байна. Түүнийг нь бид нягтлах шаардлагатай" хэмээгээд тав хоногийн завсарлага авах хүсэлтээ уламжлав. 


Байнгын хорооны дарга С.Бямбацогт, хэлэлцэх асуудал нь хуулийн хугацаатай гэдгийг тайлбарлаж, нэг хоногийн хугацаатай завсарлага өгөв. Ингэснээр, маргааш мөн завсарлага авсан Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой хамт хэлэлцэнэ гэлээ.  Үүгээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. Тодруулбал, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүний ахалсан ажлын баг томилдог байх заалтыг тус хуульд оруулсан.  Энэ нь шүүхийн өөрийн бие даасан хараат бус байдал, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагын  асуудалд улс төрийн нөлөөлөл шууд оролцоход хүрнэ гэж Ерөнхийлөгч үзжээ. 


Мөн Ерөнхийлөгч Авлигын эсрэг хууль болон, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байгаа юм.

Холбоотой мэдээ