БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 9.51 оноогоор дээшлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-14 16:33:41

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос жил тутам гаргаж байна. Тухайн судалгааг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс боловсруулсан өрсөлдөх чадварыг хэмжих аргачлалаар эдийн засаг, засаглал, дэд бүтэц, бизнесийн үр ашиг гэсэн 4 үндсэн бүлгийн 180 шалгуур үзүүлэлтийн дагуу хийдэг.


Тус байгууллага өнгөрсөн долоо хоногт аймгуудын 2023 оны өрсөлдөх чадварын тайланг гаргасан. Тухайн тайлангаар Баян-Өлгий аймаг 63.50 оноогоор 13 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оны байраа хадгалсан үзүүлэлт боловч ерөнхий үнэлгээ нь 9.51 оноогоор нэмэгдсэн байна.

Тайлангаас харахад өнгөрсөн онд тус аймгийн худалдааны салбарын орлого, ажиллах хүчний оролцооны түвшин, тээврийн хөгжил, цэцэрлэгийн хамран сургалт, мэдээллийн хүртээмж, дотоодын нийт бүтээгдэхүүн, амьжиргааны түвшин, барилгын салбарын үзүүлэлтүүд өмнөх оныхоос сайжирсан.  


Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл, төсвийн орлого, хэрэглээний үнийн индекс, хөдөлмөрийн бүтээмж, төсвийн ил тод байдал, хүнд суртал, гадаад зах зээл зэрэг үзүүлэлтүүд өмнөхөөсөө буурсан байна.


Судлаачдын зүгээс Баян-Өлгий аймагт тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлж, шийдэл санал болгожээ. Үүнд:

- Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжоор хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох;

- Хот төлөвлөлтийг сайжруулах;

- Ажлын байр бий болгох, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх;

- Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бий болгох;

- Төрийн албаны удирдлагыг сайжруулах, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтад хяналт тавихыг зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ