“Samsung”-н тэргүүн шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-25 14:09:51

СӨҮЛ. /Yonhap/. “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, “Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахгүй.

 

Өнгөрсөн долоо хоногт Сөүл хотын Дээд шүүх түүнд авлигын хэргээр хоёр жил зургаан сар хоригдох ял оноосон  юм.

 

Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг хүндэлж, цаашид арга хэмжээ авахаас татгалзсан хэмээн түүний өмгөөлөгч Ли Ин Жэ мэдэгдсэн байна. Давж заалдах гомдол гаргах хугацаа даваа гарагт дуусаж байгаа аж. Тийнхүү прокурорын газарт давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.


2014 онд Өмнөд Солонгосын Прокурорын газар Ли Жэ Ёныг олон арван охин компани бүхий "Samsung" группт хяналтаа тогтоох зорилгоор хувьцааны луйвар хийсэн, компаниудыг хууль бусаар нэгтгэсэн хэрэгт буруутгажээ. “Samsung”-ийн хэд хэдэн охин компанийг нэгтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлснийх нь хариуд тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силд авлига өгсөн бөгөөд авлигын хэмжээг 29.8 тэрбум вонд хүрсэн гэж үзэж байна. Авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор Пак Гын Хе 2017 онд ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм. 

Холбоотой мэдээ