Цаг агаарын мэдээний мессеж үйлчилгээг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-06 21:21:48

Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын иргэд гар утасны мессежээр цаг агаарын мэдээг хүлээн авдаг болно. Энэ нөхцлийг Мерси Кор байгууллагын хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд бүрдүүлж байгаа ажээ.

Иргэд гар утаснаасаа 99152254 дугаарт мессеж илгээнэ. Ингэхдээ өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг бичээд 1-3 хоногийн цаг агаарын мэдээ хүлээн авах бол 1, 4-6 дахь хоногийн мэдээг авах бол 2-ын тоог тус тус бичиж илгээх юм байна.

Гар утсандаа цаг агаарын мэдээг хүлээн авахдаа ашиглах Адаацаг, Эрдэнэдалай сумын төв болон тус сумын 11 багийн бүсчлэлийн код бүхий мессеж илгээх тухай зааварчилгааг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгчийн газар бэлджээ.

“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн харъяа Гамшигт нэрвэгдсэн гадаадын орнуудад тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр Монгол Улсын 69 суманд хэрэгжиж байгаа бөгөөд Дундговь аймгаас дээрхи хоёр сум багтсан байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ