Коронавируст халдвар тархаж нийслэлийн хэмжээний болох эрсдэл маш өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-25 11:34:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Салбар хоорондын байгууллагууд хамтран өчигдөр хийсэн үнэлгээгээр, коронавируст халдвар тархаж нийслэлийн хэмжээний болох эрсдэл маш өндөр байгааг тогтоожээ.

 

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Сүүлийн өдрүүдэд хөдөө явахаар шинжилгээ өгсөн хүнээс коронавирус илэрсэн. Түүнийг тандан судлах явцад батлагдсан тохиолдолтой ойр харилцсан байсан. Энэ нь цар тахал хүн ардын дунд тархах эрсдэл маш өндөр байгааг харуулсан тохиолдол юм. Тиймээс нийслэл хотод хэн ч, хэзээ  ч халдварт өртөх эрсдэлтэй. Цар тахлын вирус учраас шинж тэмдэггүй эсвэл хөнгөн балархай хэлбэрээр өвчлөөд явж болно. Түүнчлэн өвчилсөн хүмүүс хавьтлаа тодорхой хэлэхгүй байна. Мөн хамтарсан уулзалт цуглаанаас гадна нийлж архи дарс уух асуудал гарч байна. Нийтийн байранд халдвар гарч байгаа нь ч эрсдэл хэр хэмжээнд их байгааг харуулж байна” гэв.

 

Одоогоор ойрын хавьтал 1 255  хүн байгаа бөгөөд өмнө нь 81 ойрын хавьтлыг 14 хоног  ажиглалт тусгаарлалтаас гаргасан бол 45 хүн нэмэгджээ. Хоёрдогч хавьтал 80 хүнийг гаргахад 93 хүн зөрөөд хяналтад орсноор нийтдээ 5 316 хоёрдогч хавьтал байна. Өвчтөн болон хавьтлын тоо нэмэгдэх тусам халдвар тархах эрсдэл маш өндөр болж байгааг тэрбээр онцгойлон анхааруулав.

 

Мөн худалдаа үйлчилгээний төв нээгдэж байгаатай холбогдуулан иргэд өөрөө өөртөө анхаарал тавих, амны хаалт зүүх, хоорондын зай барих хэрэгтэйг дахин зөвлөлөө.

Холбоотой мэдээ