Жо Байден, Эмманюэль Макрон нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-25 11:17:31

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой утсаар ярих үеэрээ Атлантын далай дамнасан харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Цагаан ордны цахим хуудаст байрлуулсан мэдэгдэлд дурджээ.


“АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден эртний холбоотон болох хоёр улсын хэлхээ холбоог бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхээр Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой өнөөдөр /нэгдүгээр сарын 24/ утсаар ярилаа. Ерөнхийлөгч мөн НАТО, ЕХ-той түншлэх замаар Атлантын далай дамнасан харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв” гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна.


Хоёр орны төрийн тэргүүн нар мөн БНХАУ, ОХУ-тай харилцах харилцаа, Ойрхи Дорнодын байдал, Африкийн Сахелийн бүс зэрэг "гадаад бодлогын нийтлэг тэргүүлэх чиглэлүүд" дээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнээс гадна, уур амьсгалын өөрчлөлт, коронавирусний цар тахалтай тэмцэх, дэлхийн эдийн засгийг сэргээх чиглэлээр нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна. 


Цагаан ордны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа орсныхоо дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нартай утсаар ярьжээ.


Холбоотой мэдээ