ХААИС-ийн анхны захирал Ц.Жамьянжавын хөшөөг босгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-25 10:51:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААИС-ийн анхны захирал Цэвэгжавын Жамьянжавын хүндэтгэлийн хөшөөг төрөлх сургуульд нь өнгөрсөн баасан гарагт залав. 

Тэрээр ХААИС-ийг МУИС-иас туурга тусгаарласан цагаас эхлэн тасралтгүй 26 жил захирлаар ажиллаж, ХАА-н салбарын боловсон хүчнийг бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд мэдлэг боловсрол, оюун ухаанаа зориулсан юм. Энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн хүндэтгэлийн хөшөөний нээлтэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Сан.Пүрэв болон үр хүүхдүүд, ХААИС-ийн удирдлага, ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцлоо. 

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хэлэхдээ, "ХААИС-ийн хөгжлийн түүхийн эхний хуудсыг нээж, бичиглэн өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн эрхэм хүндтэй хүний хийж бүтээснийг үе үеийн ХААИС-ийн оюутан залуус, төгсөгч, ажилтан бүр дурсан санаж байх үүднээс энэхүү хүндэтгэлийн хөшөөг сургуульдаа залж байгаа"-г онцолсон юм. 


Ц.Жамьянжавын охин Ж.Ундармаа, "Аавын маань хийж бүтээснийг сургуулийн хамт олон дурсан, нэр алдрыг нь мөнхжүүлэх, хийж бүтээснийг нь цаашид түгээн дэлгэрүүлэх сайхан арга хэмжээ зохион байгуулж, хүндэтгэлийн хөшөөг нь төрөлх сургуульд нь нээж байгаад талархаж байна" гэлээ.

Мөн сургуулийн хамт олон, Ц.Жамьянжавын төрөлх нутгийн эрдэмтэд, шавь нар нь хамтран дурсамж номыг нь өлгийдөн авахаар ажиллаж байна.  


Холбоотой мэдээ